“Коконоэ” дэвжээний бөх Чиётайрюү өчигдөр зодог тайлах хэвлэлийн бага хурлаа хийлээ. 34 настай түүний хувьд оюутны ёкозүнагаас 2011 оны тавдугаар сарын тэмцээнд мэргэжлийн сүмогийн макүшитагийн 15-аас анх барилдаж эхэлсэн. Экс озэки Чиётайкайгийн хайртай шавь нарын нэг тэрбээр мэргэжлийн сүмод нийт 69 тэмцээнд барилдахдаа 463 ялж, 483 ялагдаж 51-д нь өнжсөн.
Чиётайрюү 2014 оны Аки башёд комүсүби цолтойгоор барилдсан нь түүний хамгийн оргил үе байв. Мөн техниктэй бөхийн шагналыг нэг удаа, екозүна цолтой бөхийг унагасан кинбоши шагналыг гурван удаа хүртэхдээ "Харүмафүжиг хоёр, Кисэносатог нэг удаа давсан юм.