Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр пара жүдо бөхийн ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн Л.Туруунаа, боксын насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, Дэлхийн цомын тэмцээнээс медаль хүртсэн баг тамирчдыг хүлээн авч уулзан шагнал гардуулав. Тодруулбал, Азербайжаны нийслэл Баку хотод болсон пара жүдо бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн -70 кг-ын жинд Л.Туруунаа мөнгөн медаль хүртсэн бөгөөд тус тэмцээний Монгол Улсын анхны медаль юм.
Харин Иордан улсын Амман хотод болсон боксын Азийн АШТ-д манай улсаас Б.Буяндалай, Т.Номин-Эрдэнэ мөнгө, Л.Алтанцэцэг, О.Есүгэн, У.Шинэцэцэг, Э.Эрдэнэтуяа, Х.Энхмандах, Г.Лундаа, Б.Чинзориг, О.Бямба-Эрдэнэ нар хүрэл медаль хүртсэн бол Германы Кёлн хотол болсон Дэлхийн цомын тэмцээнээс Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг алт, Д.Дагвадорж, Х.Энх-Амар нар мөнгө, Н.Оюун-Эрдэнэ, О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медалийн тавцанд гарсан билээ.
Шагнал гардуулах ёслолын үеэр Д.Жаргалсайхан дарга “Үндэсний шигшээ багийн дэргэд 25 спортын төрлөөр 250 орчим тамирчин бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дөрвөн жилд нэг удаа болдог пара жүдо бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын анхны медалийг авчирч байгаа нь 2024 онд болох Парисын паралимпын наадамд жүдочид амжилт үзүүлэх бололцоотойг илтгэж байна. Баг тамирчдыг амжилттай оролцуулсан Пара жүдо бөхийн холбоо, багш дасгалжуулагчдад чин сэтгэлийн баяр хүргэе” гэв.
Арга хэмжээний үеэр ДАШТ-ээс мөнгөн медлаь хүртсэн Л.Туруунаад мөнгөн урамшууллын батламж гардуулж, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн Жуух бичгээр боксын спортын тамирчин Э.Мичидмаа, М.Энхжаргал, Г.Бадмаараг, Т.Номин-Эрдэнэ, Б.Буяндалай нарыг шагнасан бол Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр дасгалжуулагч Ж.Энхтөр, О.Батхүү, Ц.Даваасүрэн, Ж.Еркин нарыг шагнаж урамшуулав.