Иранд иргэд нь засгийн газрынхаа эсрэг жагсаал өрнүүлж буйг дэмжин, ДАШТ-ий В хэсгийн эхний тоглолтод Английн шигшээ багийн эсрэг хийсэн тоглолтынхоо өмнө Ираны шигшээ багийн бүрэлдэхүүн төрийн дууллаа дуулахаас татгалзсан юм.
Төрийн дуулал нь эгшиглэх үеэр Ираны зарим хөгжөөн дэмжигчид шоолж, хашхирч байсан бол зарим нь "Эмэгтэйчүүд, эрх чөлөө, амьдрал" гэсэн лоозонг өргөсөн байлаа.
Түүнчлэн Ираны үндэсний телевиз уг эсэргүүцлийг шууд дамжуулахаас татгалзаж, ДАШТ-ий сурталчилгааг үзүүлсэн хэмээн орон нутгийн иргэд ярьжээ.
Тэдний энэхүү эсэргүүцэл нь Иранд эсэргүүцлийн жагсаалд оролцож буй энгийн иргэдийг хууль бусаар хэлмэгдүүлж буйтай холбоотой юм. Жагсаал өрнөх болсон гол шалтгаан нь өнгөрсөн есдүгээр сард 22 настай Махса Амини гэх бүсгүй тус улсад хэрэгждэг толгойн халхавч, гивлүүртэй холбоотой хатуу журмыг зөрчсөн хэргээр цагдаагийн газарт саатуулагдаж байгаад амиа алдсанаас үүдэлтэй юм.
Ираны хүний эрхийг хамгаалагчдын мэдээлснээр тус улсын аюулгүй байдлын хүчнийхэн эсэргүүцлийн жагсаалд оролцсон 16800 гаруй хүнийг баривчилж, 400 гаруй хүний аминд хүрээд байгаа ажээ. Мөн шигшээ багийн тамирчид эх орондоо эргэж очиход тэднийг ямар хувь хүлээж буйд олон хөгжөөн дэмжигчид нь санаа зовниж буйгаа мэдэгдсэн байна.
Өчигдөр болсон тоглолтод Ираны шигшээ баг 6:2 харьцаатай Английн шигшээ багт хожигдсон юм.
Л.Сайнаа