Гадаа намрын сүүл шарваж, өвлийн сахал цантаж үзэгдэнэ. Газар дэлхийн олон амьдралаас ганцыг нь сурвалжлахаар гэрээс гарлаа. Манай сайтын хамт олон энгийн амьдралаа энгийн биш гэдгийг мэддэггүй, огт тоодоггүй хүмүүсийн нэг өдрийн амьдралыг сурвалжлан хүргэх "Миний 24 цаг" буланг эхлүүлж байна. Манай булангийн хамгийн анхны дугаарыг чимэхээр зогсож буй энэ эрхэм бол Төв аймгийн Бүрэн сумын уугуул, Улаанбаатар хотын суугуул иргэн, зохиолч, яруу найрагч нэгэн.
Энэ эгэл жирийн эрийг Д.Цогбадрах гэдэг. Утга зохиолынхон түүнийг “Өндөр Цогоо” гэх нь олонтаа. Өдгөө 30 гаран насыг гэтэлж яваа нэгэн. Бид тохиролцсоны дагуу “Модны хоёр”-т байх тэдний гэрийн гадаа энэ сарын 17-нд өглөөний 09 цагаас уулзлаа.
Тэрбээр өглөө босоод хамгийн түрүүнд гэдэсний таталт, гар дээр суниалт зэрэг дасгалууд хийдэг аж. Үүний дараагаар уран зохиолын ажлаа хийдэг тухай ярив. Тэр сүүлийн сар гаруй хугацаанд зөвхөн үргэлжилсэн үгийн зохиол дээр ажиллаж байгаа бөгөөд “бичих нас нь ч ирчихлээ дээ” хэмээн инээд алдан ярина.
Бид уулзсан даруй хотын төвд байрлах “UBH Center” лүү түүний ээжийн шинжилгээний тестийг авахаар алхлаа. Хотын амьдрал жирэлзэн урсаж, хөлийн алхаа нийлүүлсээр нэг л мэдэхэд “Худалдаа хөгжлийн банк”-ны дэргэд ирэв. Эндээс тэр бэлэн мөнгө авах ёстой байлаа.
Үүний дараагаар цааш хөдөлж, шинжилгээний тест авах эмнэлэгт ирлээ. Таван давхарт байрлах эмнэлгийн коридорт бид хэсэг хүлээв. Ойрын хэдэн сар ээжийгээ асарч яваа тэрбээр бодол болсон нүдээ шалнаас салгаж чадахгүй сууна.
Удалгүй эмч гарч ирэн түүнд тест өгснөөр бид нэгдүгээр хороололд байх түүний эгчийн гэр лүү явахаар “МУБИС”-ийн автобусны буудлаас 21 дүгээр хороолол хүрэх автобусанд суусан юм.
Бид замдаа Исламын шашны үүсэл, цаад мөн чанар, бидний хэрэглэж буй бичиг үсгийн үүсэл, түүхэн хэрэглээ зэрэг олон сэдвээр ярилцаж явсаар зорьсон газраа ирэв. Шинэхэн баригдсан орон сууцны нэгэн тоотод тэдний эгчийнх байдаг.
Тэрбээр цай аягалж уугаад , номын сангаас Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн номыг шүүрэн авч уншлаа. Энэ бол утга зохиолд дурлаж, өөрийн дураар амьдарч яваа түүний гэм биш зан нь гэлтэй.
Түүний өнөөдрийн амьдралын өөр нэгэн хэсэг бол оройн 17 цагт Багануур дүүрэгт зохиогдох Их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 117 жилийн ойд зориулсан, уламжлал болгон зохион байгуулагддаг “Миний нутаг” яруу найргийн наадмыг шүүх хүндтэй үүрэг байв.
Түүнийг эгчийнхээ гэрт хэсэг байсны дараа түүний утга зохиолын хамаатан, дүү нар болох Ж.Эдмон, Б.Санчир нар ирж аван түүний гэр лүү хөдөллөө. Тэд Багануур дүүрэгт болох яруу найргийн наадамд оролцоно. Д.Цогбадрах гэртээ орж жаал юм авч, бид өдрийн 13 цагт Багануур дүүргийн зүг жолоо заллаа. Энэ зуур бид элдвийг хуучлав.
-Амьдралын тань 24 цаг хэрхэн өнгөрдөг вэ?
Төлөвлөсөн ажилгүй бол энгийн өнгөрдөг. Надад харьяалагддаг ажил, нам, бүлгэм байхгүй. Ер нь өглөө босоод дасгал хийнэ. Тэгээд уран зохиолынхоо ажилд төвлөрдөг.
-Ямар уран зохиолын ажил дээр голчлон сууж байна вэ?
Сүүлийн үед үргэлжилсэн үгийн зохиолууд дээрээ төлөвлөгөөний дагуу ажиллаж байгаа. Ойрын үеэс хэдэн боть номын зохиол эхлүүлчихсэн, уншиж цэгцлэх ажлыг хийж байна.
-Ямар төрлийн зохиолууд багтаж байгаа вэ?
Ихэвчлэн өгүүллэг болон тууж, бэсрэг зохиолуудаас бүрдэж байгаа. Хавар бичиж үлдээсэн гар бичмэлүүдээ энэ намраас цэгцэлж байгаа юм л даа. Зун бол аялаад зав байгаагүй. Сэдвийн хувьд өргөн хүрээнд баримт сэлт багатай, уран сайхны хэлбэрээр бичиж байгаа.
-Таны амьдралын өдөр тутам дасгал, хөдөлгөөнтэй зайлшгүй холбоотой гэсэн үү?
Тийм ээ. Хүн унтаж байхдаа цэнэглэж буй гар утас шиг л энергийг нөөцөлж байдаг. Хүүхэд унтаж байхдаа өсөж байдаг гэдэг шиг. Тиймээс тэр их энергийн хуримтлалыг тараах үүднээс мөр, нурууны дасгалаас эхэлж хийдэг. Хүзүүг дагаад тархины цусан хангамжийн гол хоёр судас бий. Энэ хоёр судасны цусан хангамж багасаж, цус өтгөрснөөс цус харвалт үүсдэг болохоор хүзүү мөрний дасгалыг байнга хийж байх ёстой. Хүзүү дагасан захын мэдрэлийн судаснуудад иллэг хийж, үйл ажиллагааг нь сайжруулж байх хэрэгтэй.
-Тэгвэл өдрийн амьдрал тань хэрхэн өрнөдөг бол?
Намраас эхлээд ээжийгээ асарч байгаа. Надад ер нь баримталдаг нарийн төлөвлөгөө байхгүй. Би дэндүү чөлөөт хүн шүү дээ. Гэхдээ уран зохиолынхоо ажлыг төлөвлөж хийдэг. Амьдралынхаа хамгийн идэвхтэй цагуудад хийдэг гэх үү дээ. Сүүлийн сар гаран хугацаанд шүлэг бичээгүй юм байна.
-Уран зохиол таны амьдралыг утгатай болгодог гэж хэлж болох уу?
Миний амьдралыг хөдөлгөж, утгатай байлгадаг ганц зүйл нь уран зохиол. Уран зохиол миний амьдралын салшгүй нэг хэсэг гэхээсээ илүү миний амьдрал өөрөө уран зохиолын салшгүй нэг хэсэг болчихсон. Хамгийн зөв зуршил гэж хэлж болно. Д.Урайнхай ахаас нэг хүн амьдралынх нь хэв маягийн тухай асуухад “Миний амьдрал тэтгэвэрт гарснаас хойш дөрвөн янзаар л өрнөж байгаа. Унших, бодох, унтах, идэх” гэсэн юм гэнэ лээ. Яг үүнтэй л адилхан. Одоогийн байдлаар уран зохиол миний амьдралын хамгийн идэвхтэй хэсэг. Яг одоогоор би бичиж чадна гэсэн итгэлтэй байгаа.
-Уншина гэдэг бичгийн хүний амьдралд чухал хэсэг шүү дээ?
Тэгэлгүй яах вэ. Би гурав, дөрвөн номыг зэрэгцүүлж унших дуртай. Ганцхан номыг барьж аваад унших нь ховор л доо. Эсхүл уншиж байгаад орхисон номоо хэдэн өдрийн дараа сөхөх ч юм уу, унших хэв маягуудаасаа дурдвал янз бүр л дээ.
-Хэн нэгэн таныг хэзээ ч уран зохиолын ажил хийж болохгүй, бичихээс өөр ажил сонго гэвэл та үүнгүйгээр амьдарч чадах уу?
Чадна. Надад чаддаг юм зөндөө бий. Жишээ нь би аялал жуулчлалын мэргэжлээрээ ажил хийж болно. Бас би цахилгаанчин мэргэжилтэй. Цахилгаан хэрэгсэл, монтажийг сайн мэднэ, гагнуур хийж чадна.
-Өнөөдөр таны амьдралын энгийн л нэг өдөр үү?
Бусдаасаа онцгой өдөр гэж ховор шүү дээ. Төрсөн өдөр гэх мэт тэмдэглэлт өдрүүдийг нэрлэж болно. Тухайн агшинд болж өнгөрсөн тод үйл явдлуудаас л тэр өдөр ямар байх нь шийдэгдэнэ. Тэгэхээр онцгой гэхээсээ илүүтэй энгийн нэгэн өдөр л болж байна. Харин онцгой байлгах эсэх нь тухайн хүний бодол, таашаал, дур сонирхлоос шалтгаалдаг байх даа.
-Таныг хоёр номын сантай гэдэг үнэн үү. Та хэр их ном хураав?
Тийм. Миний номын сан хоёр газар бий. Нэг нь манайд, нөгөө нь хуучин амьдарч байсан байшинд бий. Дөрвөн мянга гаруй ном байгаа гэж таамаглаж байна.
-Тэднээс хэдийг нь уншив?
Уншихад нэлээд цаг, зав гаргасан. Уншина гэдэг сайхан зүйл мөртөө зарим үед залхуутай ажил. Гараад өөр зүйл хиймээр үе зөндөө ирнэ. Тэр болгонд гараад л явчихдаг. Ерөнхийдөө мянга гаруйг нь уншчихсан шүү. Би өөрөө яруу найргийн дөрвөн ном гаргасан хүн.
-Та Антон Чеховын зохиол бүтээлүүдэд хайртай шүү дээ. Тэгвэл та түүнээс юуг нь үлгэрлэдэг вэ?
Антон Чехов бичих сургуулилтыг өдөр болгон хийдэг байсан тухай өдрийн тэмдэглэл дээр нь байдаг. Туурвил зүйн гол арга нь өдөр болгон бичих гэж өөрөө ч хэлсэн байдаг. Түүнээс нь үлгэрлэж, суралцахыг хүсдэг боловч тэгж чаддаггүй. Энэ дадлыг л өөрийн болгохыг их хүсэж байгаа. Өдөр болгон бичих гэж оролдоно, гэхдээ Чехов шиг байж чаддаггүй. Тэр онцгой суу билигт зохиолч. Би түүний зохиол бүтээлүүдтэй боломжийн хэмжээнд танилцсан, түүнийг сайн мэддэг.
-Хэрвээ Антон Чехов энэ цаг үед амьдарч байсан бол та түүнтэй уулзаад хамгийн түрүүнд юун тухай ярих байсан бол?
Чехов ууж, иддэг хүн байгаагүй л дээ. Би ч уудаггүй. Гэхдээ ганц юм хувааж ууя л гэж бодож байна даа. Хэрвээ Чехов хүсвэл шүү дээ.
-Яруу найрагч гэхээр л архи ууж, тамхи татсан улс гэж нийгэм даяар ойлгоод байна. Таны хувьд энэ зуршлаас хол хүн шүү дээ. Энэ талаар юу гэж боддог вэ?
Хуучинсаг, өнгөрсөн зууны л ойлголт юм даа. Уг нь бол хамгийн орчин үетэйгээ хөл нийлүүлдэг, ирээдүйг харж чаддаг нь уран бүтээлч бид нар шүү дээ. Харин үсээ урт ургуулах, сахал тавих зэрэг нь загвар, стайл л байх. Архи уугаад онгод орно гэдэг бол худлаа. Би ч өөрөө уудаг байлаа. Гэхдээ шартсан үед үүрээр эрт сэрчхээд байдаг шүү дээ. Тэр үед хүчтэй мэдрэмж орж ирдэг л дээ. Тэгэхээр эргээд бодоход шартсан үедээ бичсэн шүлгүүд илүү хүчирхэг байгаад байх шиг санагддаг шүү.
-Онгод гэж байдаг юм болов уу. Бөөгийнхөөс өөр үү?
Би бөөгийн талаар мэднэ. Дархад, халх, урайнхай, буриад бөөтэй ч уулзаж байлаа. Тэр болгоны онгодоо дуудах арга барил, шүтлэг хэрэгсэл, өмсгөлүүд нь өөр байдаг. Түүн лугаа яруу найрагч хүн өөртэйгөө цагийг өнгөрүүлэх тусам илүү ихийг бүтээж чадна гэж би боддог. Энэ бол угаас хамтарч хийдэг ажил биш. Хамтарвал номтой л хамтрах байх. Зохиол бүтээл гэдэг хэтэрхий чөлөөт, бодгаль шинжтэй ажил учраас хэнээс ч хараат байх учиргүй.
-Жинхэнэ яруу найрагч гэж яг ямархуу хүнийг хэлж болох уу?
Нобаковоос сэтгүүлч “ямар хүнийг зохиолч гэх вэ” гэтэл хариуд нь өмнөх үеийнхээ бүх сайн зохиолуудыг уншсан хүнийг зохиолч хүн гэнэ гэж хариулсан гэдэг. Тэрэнтэй адил боловсорсон яруу найрагч байвал надад таалагдана шүү. Хэмжээндээ уншсан, мэдсэн хүн. Миний өөрийн бодол энэ. Цаг хугацаа шаардагдах нь мэдээж. Цаг хугацааг зогсоочих юмсан гэж хэн нэгэн бодох л байх, гэхдээ миний хувьд маш амтгүй байх болно. Үгийн урлаг бол маш эртнийх л дээ. Хүмүүс анх дүрсээр хоорондоо ойлголцохоос эхлээд тоо, үсэг, нот гурав байгалийн жамаар үүссэн. Үүнээс үгийн урлагийн бүтээлүүд, ном судар, хөгжим, шинжлэх ухаан үүссэн хэрэг.
-Тэгвэл та өөрийгөө яруу найрагч гэж тодорхойлж чадах уу?
Би өөрийгөө яруу найрагт дуртай, оролддог гэж хэлэхгүй. Би бол яруу найрагч.
-Яруу найраг тэгэхээр дээд түвшний урлаг мөн үү?
-Үгийн урлагийн хамгийн дээд хэмжээс нь яруу найраг. Яруу найраг дотроо маш олон элементтэй. Эдгээрийг эзэмшиж чадсан хүн яруу найрагч болж чадна. Жишээлбэл, хэл найруулга, адилтгал, ихэсгэл багасгал, дүрслэл гэх мэт олон элементүүдийг эзэмшсэн байх ёстой. Гэхдээ авьяасгүй бол эдгээрийг эзэмшээд ч нэмэргүй.
-Сүүлийн үед яруу найрагч нэр зүүгчид олширчээ. Яруу найргийн наадмуудад оролцож, "би яруу найрагч" гэж өөрсдийгөө тодорхойлох болж. Энэ талаар юу гэж хэлмээр байна?
Чихээрээ сонсох, нүдээрээ унших өөр. Бичвэрээр яруу найраг бүтээх, тайзны хэмжээнд буюу дуу хоолойгоороо бусдад хүргэнэ гэдэг хоёр урсгал, чиглэл бий. Хэрвээ өөрийгөө яруу найрагчийн хэмжээнд байлгая гэвэл унших зайлшгүй шаардлагатай. Уншихгүйгээр бичвэл чанаргүй л бүтээл гарна. Амбиц хөөсөн хүмүүс бол тарамдуулсаар байгаад л дуусна. Тийм хүмүүс ихэвчлэн тэмдэглэлт ой, хэн нэгэнд зориулсан яруу найргийн наадмуудын зарлалыг уншаад л шууд түүнд зориулаад шүлэг биччихэж чаддаг хүмүүс. Гэвч яруу найраг гэдэг шал өөр зүйл гэдгийг л ойлгоосой. Тийм хүмүүс яруу найрагт нэг их хамааралтай биш учраас хэлээд байх зүйл алга даа. Тэгэхээр авьяастай залуучууд ийм зүйлд хэт автах нь буруу, донтуулчихна шүү.
Бид цааш хурдалсаар яруу найргийн наадам эхлэхийн өмнөхөн Багануур дүүрэгт хүрэлцэн ирэв. Тус наадмыг шүүхээр ирсэн Д.Цогбадрахын хувьд яруу найргийн наадамд төдийлөн оролцоод байдаггүй бөгөөд “Болор цом” наадамд ганцхан удаа шүлгээ өгч, тэнцсэн нь 2016 онд ажээ. Тэр яруу найраг тайзан дээр биш, цаасан дээр л үлдэнэ гэдгийг мэддэг.
17 цагт эхэлсэн яруу найргийн наадам хоёр даваатай үргэлжилсэн бөгөөд газар газрын олон уран бүтээлчид шүлгээ уншиж, үгийн хүчийг үзэлцсэнээс түүний аян замын хамтрагчид болох Б.Санчир тус наадмын тусгай байрт, Ж.Эдмон дэд байрт шалгарсан юм. Наадам оройн 20 цагт өндөрлөж, тэд Багануур дүүргийн нэгэн хоолны газар оройн зоог барьснаар бид Улаанбаатар хотын зүг жолоо заллаа.
Орон нутаг хоорондын зам гөлөөн ихтэй тул бид тайвуугаар хотын зүг дөхөж олон зүйлсийн талаар хөөрөлдөн, өөрсдийн дуртай хамтлаг дуучдын дууг сонсож, санал бодлоо хуваалцсан юм.
Хот руу орж ирэхийн алдад Д.Цогбадрах “Би эрх дураараа, өөрийн хүслээрээ амьдарч яваа хүн дээ. Гэвч ингэж амьдрахад мөнгөний асуудал их үүсдэг” гэв. Түүний хэлсэнтэй танилууд нь санал нийлэх биз ээ. Дээр хэлж байсанчлан түүнд харьяалагддаг байгууллага, нам, бүлгэм байхгүй. Тэр өөрийнхөө амьдралыг уран зохиолд зарцуулж, ёстой л өөрийн дураар амьдарч яваа нэгэн.
Явсаар шөнийн 12 цагт Д.Цогбадрахын гэрийн гадна ирлээ. Ийнхүү түүний амьдралын энгийн бөгөөд энгийнээс ондоо нэгэн өдөр өнгөрөв. Тэр дараа дахин уулзахын ерөөл үлдээгээд аян замын алжаал тайлахаар гэртээ орлоо.
Л.Сайнаа
Сэтгэгдэл (1)