Волейболын үндэсний дээд лигийн “Натур Мед Ноён” багийн тоглогч Т.Хангал Тайланд улсын волейболын лигт тоглохоор эх орноосоо энэ арваннэгдүгээр сарын эхээр мордсон билээ. Тэрбээр багийн хамтаар 2021 оны Үндэсний дээд лигийн аварга болж, “Шилдгийн шилдэг тэгш тоглогч”-оор тодорч байсан чадварлаг тамирчин юм.
Тэгвэл Тайландын волейболын мэргэжлийн лигийн 2022-2023 оны улирлын тоглолт өчигдөр эхэлжээ. Тус улсын лигт удамт волейболчин, спортын мастер Тамираагийн Хангал анхны тоглолтоо хийв.
Түүний хүчин зүтгэж буй “Накхон Ратчасима” баг нь өнөөдөр “Паяак Сенсе” багийг 3:0 (25:15, 25:14, 25:19)-ээр буулган авсан юм. Т.Хангалын “Cat Devill” хочит “Накхон Ратчасима” баг нь Тайландын лигт хамгийн олон удаа буюу 2008, 2013, 2014, 2015, 2018, 2020, 2021 онд түрүүлсэн.