2022 оны хөлбөмбөгийн ДАШТ энэ сарын 20-ны өдөр Катарын нийслэл Доха хотноо албан ёсоор нээлтээ хийх гэж байгаа билээ. Тэмцээнд нийт 32 баг хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөх гэж байна. Тэгвэл бид тус 32 багийг гол тоглогчдын хамт цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа бид та бүхэндээ Франц, Тунис, Испани, Герман, Япон, Мароко, Сербийн шигшээ багуудыг танилцуулж байна. Өмнөх нийтлэл болох №1, №2 , №3 -ыг уншихыг хүсвэл линкээр холбогдоно уу.
1. Францын шигшээ баг - Багийн гол тоглогч Карим Бензема. Риал Мадрид клубт 2009 оноос тасралтгүй тоглож буй тэрбээр улсынхаан шигшээ багт 2007 оноос эхлэн хүчин зүтгэсэн, 34 настай.
2. Тунисын шигшээ баг - Багийн гол тоглогч Ганнибал Межбри. Тэрбээр 2003 онд төрсөн, 19 настай. Одоогоор Премьер лигийн Манчестер Юнайтед клубээс зээлээр Бирмингем Сити багт хагас хамгаалагчаар тоглодог. Тунисын шигшээ багт өнгөрсөн оноос хэлэн тоглож буй бөгөөд энэ дэлхийн аварга түүний хувьд анхных нь болж байна.
3. Испанийн шигшээ баг - Багийн гол тоглогч Педро Гонзалес Лопес. Тэрбээр мөн л 19 настай бөгөөд Ла лигийн Барселона клуб болон Испанийн шигшээ багийн төвийн хагас хамгаалагч юм.
4. Германы шигшээ баг - Багийн гол тоглогч Мануэль Петер Нойер. Тэрбээр Бундес лигийн Байерн Мюнхен клуб болон Германы шигшээ багийн ахлагч, хаалгачаар тоглодог. Түүнийг спортын түүхэн дэх хамгийн агуу хаалгачдын нэг гэж үздэг. Тэр өдгөө 36 настай.
5. Японы шигшээ баг - Багийн гол тоглогч Такуми Минамино. Өдгөө 27 настай тэрбээр Францын нэгдүгээр лигийн Монако клуб болон Японы шигшээ багт довтлох чиглэлийн хагас хамгаалагч, жигүүрийн хагас хамгаалагчаар тоглодог.
6. Мароккогийн шигшээ баг - Багийн гол тоглогч Ашраф Хакими Мух. Өдгөө 24 настай тэрбээр Францын Парис Сен-Жермен клуб болон Мароккогийн шигшээ багт тоглодог. Хурд, гүйлт, гоол оруулах чадвараараа алдартай түүнийг дэлхийн шилдэг баруун жигүүрийн хамгаалагчдын нэг гэж үздэг.
7. Сербийн шигшээ баг - Багийн гол тоглогч Душан Тадич нь 1988 онд төрсөн, 33 настай. Тэрбээр Аякс клуб болон Сербийн шигшээ багийн ахлагч бөгөөд 2008 оноос эхлэн шигшээ багтаа хүчин зүтгэж байна.
Л.Сайнаа