Холимог тулааны урлагийн ММА холбооны аварга, UFC холбооны тамирчин "шуурга" хочит Энтони Жонсон хүнд өвчний улмаас, 38 насандаа таалал төгслөө. Тобруулбал, ММА-ийн албан ёсны сэтгүүлч Ариэль Хелвани "Жонсон нэлээд удаан хугацаанд өвчинтэй тэмцэж байсан. ММА-ийн түүхэн дэх хамгийн хүнд цохилттой, авьяаслаг тулаанчдын нэг. Дэндүү эрт явчихлаа. Амгалан тайван нойрсох болтугай" хэмээн олон нийтийн сүлжээндээ бичжээ. Тэрээр нас барахынхаа өмнө өөрийн сошиал хуудсандаа "Би үнэхээр ямар өвчтэй байгаа тухайгаа дэлгэрэнгүй ярихыг хүсэж байна. Миний төлөө чадах чинээгээрээ залбираарай. Хэрвээ бурхан хүсвэл би 2022 ондоо түүнтэй уулзах болно. Би амьдралдаа юунаас ч ингэж айж байгаагүй. Гэхдээ би найз нөхөд, гэр бүлийнхнийхээ дэмжлэгээр хүчтэй хэвээр байгаа" хэмээн бижээ.
Жонсоны үхлийн шалтгаан нь шинжлэх ухааны нэршлээр гемофагоцитийн лимфогистиоцитозын улмаас үүсдэг эрхтний дутагдал хэмээх хүнд өвчин байжээ. Энтони Кевоа Жонсон нь 1984 оны гуравдугаар сарын 06-нд АНУ-ын харьяа Жоржиа мужийн Дублин хотноо мэндэлжээ. Тэрбээр ММА холбооны түүхэн дэх хамгийн гайхалтай тулаанчдын нэг. Мөн UFC холбоонд найман өнцөгт дотор хэрцгийгээр нокаут хийдгээрээ алдартай, шилдэг тулаанч явлаа. Тэр мэргэжлийн холимог тулааны дэвжээнд нийт 29 тулалдаж, 23 ялсан билээ. Тэдгээрийн 17-д нь хүнд цохилт буюу нокаутаар өрсөлдөгчөө буулган авч байжээ. Замналынхаа хамгийн сүүлийн тулаанд тэр ялалт байгуулсан юм. 2021 оны тавдугаар сард болсон тус тулаанд тэрээр Bellator холбооны тулаанч Хосе Аугусто Азеведог хүнд цохилтоор ялсан юм. Үүнээс хойш тэр дахин тулалдаагүй билээ.
Л. Сайнаа