UFC холимог тулааны дунд жингийн аварга Негери гаралтай тамирчин Израиль Адесаня өнгөрөгч бямба гарагт Бразил тулаанч Алекс Перейратай аваргын бүсээ хамгаалах хүндхэн тулааныг хийж ялагдал хүлээлээ. Өмнө нь тэд кикбоксын дэвжээнд хоёр удаа таарч Перейрагийн ялалтаар өндөрлөж байсны нэг нь хүнд цохилтоор шийдэгдэж байсан юм. Тэгвэл бямба гаригт "Madison Square Garden"-д болсон UFC 281 тэмцээний гол тулаанд түүх давтагдлаа. Адесанья тулааныг удирдаж, Перейраг хоёр ч удаа хүнд байдалд оруулаад байв.
Харин тулаанд сэргэлтийг авсан Перейра олон тэсрэлттэй цохилтоор түүнийг торлуу шахаж, шийдвэрлэх үеийн хоёр дах минутад ялалт байгуулсан юм. Ийнхүү тэд тулааны дэвжээн дээр гурван удаа таарч, гурвууланд нь Израиль Адесанягийн ялагдлаар өндөрлөлөө. Эдгээрийн хоёр нь хүнд цохилтоор дууссан юм.
Израиль Адесаня UFC-д нийт 23 ялж, хоёр ялагдсан амжилтыг үзүүлээд байгаа бол Алекс Перейра долоо ялж, нэг удаа ялагдаад байна.
Л.Сайнаа