Таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Гуадалахара хотод өнөөдөр эхэллээ. 2024 оны Парисын олимпын оноо олгох уг тэмцээн энэ сарын 20-ыг дуустал үргэлжилнэ.
Дэлхийн 122 орны 755 тамирчин "Centro Acuatico CODE Metropolitano" цэнгэлдэх хүрээлэнд эрэгтэй 8, эмэгтэй 8 жинд өрсөлдөнө.
2019 оны цар тахлаас хойш томоохон тэмцээн болоогүй Таеквондогийн хувьд энэ ДАШТ сүүлийн гурван жилд тохиогоогүй баяр цэнгэл болж байна.
ДАШТ-ийг Д.Лхагвадорж дасгалжуулагчтай Монголын шигшээ баг хоёр өдрийн өмнө зорьсон бөгөөд -63кг жинд Э.Буяншагай, -68кг жинд Ц.Баянбат, -80кг жинд А.Азбаяр нар өрсөлдөнө. Түүнчлэн олон улсын шүүгч Н.Эрдэнэбаатар тэмцээний шүүгчээр ажиллаж байна.