Иорданы Амман хотноо зохион байгуулагдаж буй Боксын ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн жин тус бүрийн шигшээ тулаанууд болж, Aзи тивийн аваргууд тодорлоо. Тус тумцээнээс манай эмэгтэй боксчид нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. Манай улсаас найман эмэгтэй тамирчин оролцсоноос тав нь ийнхүү медалийн тавцанд гарсан юм.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин Өсвөрийн Ази тивийн аварга Т.Номин-Эрдэнэ БНСУ-ын тамирчин ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Ази тивийн хошой аварга О Ён Жи-тэй тулалдаж ялагдсанаар мөнгөн медальтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ. Түүний хувьд хүрэл медалийн төлөө Ази тивийн хошой аварга Казакстаны тамирчинг, мөнгөн медалийн төлөө залуучуудын Ази тивийн хошой аварга Тайландын тамирчныг ялж ийнхүү 19 насандаа тивдээ финалдсан юм.
Манай улсаас 52 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ Л.Алтанцэцэг, 54 кг-ын жинд Үндэсний Шигшээ Баг, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн, 63 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин У.Шинэцэцэг, 70 кг-ын жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ Э.Эрдэнэтуяа нар тус тус хүрэл медаль хүртлээ.
Мөн өнөөдөр Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн аваргын төлөөх тулаанууд болсноор тэмцээн өндөрлөнө. Манай улсаас 60 кг-ын жинд Спортын мастер Буяндалай эзэн орны тамирчинтай аваргын төлөө тулалдах юм.
Л.Сайнаа