Олонд "Ангууч" нэрээр танигдсан Холимог тулаанч, жүжигчин Б.Баттөр "Өнөр бүл төв"-ийн хүүхдүүдийг жью-жицүгийн ДАШТ-д оролцуулахаар эх орноосоо хөдөллөө.
Тэрбээр өөрийн фейсбүүк хуудаснаа "Миний бие Ододтой Бүжиглэе шоу нэвтрүүлгийн ялагчийн шагналаар НҮБ-ийн хүүхдийн сантай хамтран Өнөр бүл хүүхдийн төвийн дэргэд Almighty BJJ & MMA Academy спортын клубээ байгуулаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Энэхүү хугацаанд манай клубийн 20 гаруй залуу тамирчид жью-жицүгээр тууштай хичээллэж дүүрэг, хот, улсын хэмжээний тэмцээн уралдаануудаас 30 гаруй шагнал хүртсэн. Хувь хүний хөгжлийн хувьд сэтгэл зүй, өөртөө итгэх итгэл гээд маш чухал зан чанарууд бие болж суурьшиж байгааг би өөрийн биеэр хүүхдүүдээсээ мэдэрч байгаа.
Өнөөдөр бид Абу Даби хотноо зохион байгуулагдаж буй жью-жицүгийн мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор дасгалжуулагч багш болон гурван хүүхдүүдийн хамтаар бүх зардлыг гарган авч явж байна. Хүүхдүүдийн хамгийн анхны гадаад орон дахь нандин мэдрэмж, дурсамж, туршлагыг хамтдаа бүтээлцэж байгаадаа маш их догдолж байна. Энэхүү үйлд хувь нэмрээ оруулсан бүх найз нөхөд болон замын зардлыг шийдэж өгсөн МИАТ ХХК-д маш их баярлалаа. Сайн үйлс болгон дэлгэрэх болтугай!" хэмээжээ.