Казахстаны төр нийгмийн нэрт зүтгэлтэн Динмухамед Кунаевын мэндэлсний 110 жилийн ойд зориулсан чөлөөт бөхийн олон улсын тэмцээн арваннэгдүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Казахстаны Жамбул мужийн Тараз хотын “Тараз арена”-д боллоо. Тум тэмцээнд манай улсын дөрвөн бөх барилдсанаас ОУХМ З.Занабазар 57 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн. Тэгвэл сүүлийн өдөр “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга 65 кг-ын жинд алтан медаль хүртэж, Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүллээ. Тэрээр Тажикстаны Жамшид Шарифовыг 3:0-ээр, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Кыргызстаны Алибек Осмоновыг 6:0-ээр, 2021 оны залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Бекзат Ермекбайг 13:2-оор тус тус ялсан.
Харин алтан медалийн төлөөх барилдаанд өмнө нь хоёр удаа барилдаад ялагдаж байсан, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Пан-Америкийн хошой аварга АНУ-ын Жозеф Маккенаг 8:2-оор ялж аваргаллаа.
Т.Тулга тус тэмцээнд түрүүлсэн Монголын тав дахь аварга болж байна. Түүнээс өмнө нь гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2013, гавьяат тамирчин Г.Мандахнаран 2014, ОУХМ О.Үйтүмэн нар 2014, 2018 онд, ОУХМ Т.Түвшинтулга 2019 онд түрүүлж байв. Кунаевын нэрэмжит тэмцээнд Монгол, Казахстан, АНУ, Бахрейн, Кыргызстан, Узбекистан, Тажикстан гэсэн долоон орны бөхчүүд хүч үзсэн юм.
Л.Сайнаа