Амман хотод зохиогдож буй “ASBC Asian Elite Boxing Championships 2022” Азийн аварга шалгаруулах тэмцээний тойм мэдээллийг хүргэж байна. Тэмцээний 63 кг-ын жинд У. Шинэцэцэг хүрэл медалийн төлөө Тайваний тамирчин Чен вен Суг, 54 кг-ын жинд ОУХМ О.Есүгэн Филиппиний Марсиал Дела Торрег, ОУХМ Алтанцэцэг Узбекстаны тамирчин Казакова Ферузаг ялж хүрэл медалийн болзол ханган мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байгаа юм.
Мөн эмэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Т. Номин-Эрдэнэ хүрэл медалийн төлөө Казакстаны тамирчин Ази тивийн хошой аварга Волоссенког ялж 19 насандаа тивийн медальтан боллоо. Түүний хувьд энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа манай багийн хамгийн залуу тамирчин юм. Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд залуу тамирчин н.Жанаргүль хүрэл медалийн төлөө Япон улсын тамирчинтай тулалдаж хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүллээ. Эрэгтэйчүүдийн 51 кг-ын жинд ОУХМ Х. Энхмандах БНСУ-ын тамирчинг хүрэл медалийн төлөө ялсан бол ням гарагт 57 кг-ын жинд Г. Лундаа Хятадын Тайваний тамирчин Чен Вей Лийг 60 кг-ийн жинд Б.Буяндалай Ираны тамирчинг тус тус ялж хүрэл медалийн болзол хангаад байна.
Ази тивийн аваргын алт мөнгө хүрэл медальт ОУХМ Б. Чинзориг Палестины тамирчинтай хүрэл медалийн төлөө тулалдах байсан ч өрсөлдөгч тамирчин тулалдах боломжгүй болж Чинзориг медалийн болзол биелүүлээд байгаа юм. Ингэснээр манай улсаас одоогоор есөн тамирчин медалийн болзол биелүүлж мөнгөн медалийн төлөө тулалдах эрхээ аваад байна. Эрэгтэй тамирчдаас 48 кг-ын жинд ОУХМ О.Өнөболд Японы тамирчинд, 54 кг-ын жинд н.Ганболд Казакстаны тамирчинд тус тус медалийн төлөө тоглолтод хожигдол хүлээгээд байна. Өнөөдөр буюу даваа гарагт эрэгтэйчүүдийн 71 кг-ын жинд ОУХМ О.Бямба-Эрдэнэ БНСУ-ын тамирчинтай, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд ОУХМ Б.Мөнгөнсаран Казакстаны тамирчин Дэлхийн хошой аварга Ази тивийн аварга Назим Кызайбайтай тус тус тулалдана.
Энэ удаагийн ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас олон залуу тамирчид оролцож байгаагаараа онцлог байна. Одоогоор 9 тамирчин медалийн болзол хангаснаас долоон тамирчин нь анхны медалиа хүртээд байгаа юм.
Л.Саяан
Сэтгэгдэл (1)