Өнөөдөр 18 цагт манай улсын хамгийн том спорт цогцолбор болох "UG Arena" нээлтээ хийж, хамтлаг дуучдын тоглолт, лазер, гэрлийн шоу үзүүлбэр, циркийн үзүүлбэр болон монголын үндэсний сагсан бөмбөгийн шигшээ баг болон лигийн шилдэг тамирчдын хоорондын нөхөрсөг тоглолт зэргээр ирсэн үзэгчдийн сэтгэлийг баясгах гэж байна.
Энэхүү спорт цогцолбор нь 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудыг зохион байгуулах үүргийг гардан нээлтээ хийж байгаагаараа онцлог юм. Азийн аваргын урьдчилсан шатны тоглолтууд энэ сарын 10-наас Таити, Вьетнам болон Малайз, Тайландын багуудын тоглолтоор эхэлнэ. Дашрамд дурдахад манай шигшээ багийн тамирчид өнгөрсөн сарын сүүлээр Солонгос улсыг зорьж хамтарсан бэлтгэлд оролцоод ирсэн билээ. Монголын шигшээ баг хэсэгтээ Тайланд, Малайз, Вьетнам, Таити зэрэг багуудтай хамт орсон. Дээрх багуудын тоглолт угтаа зургадугаар сард болох байсан ч багууд дамжин нисч ирэх боломжгүй давагдашгүй хүчин зүйлсийн улмаас болж ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны арваннэгдүгээр сард Монголд зохион байгуулахаар болгон хойшлуулсан билээ. Шигшээ багаа дэмжихийг хүссэн хэн болгон тус цогцолборын үүд хаалга нээлттэй бөгөөд тасалбарыг shoppy.mn-ээс худалдан авах боломжтой гэнэ.
Нээлтийн арга хэмжээнд “Moon Dance” хамтлаг, реппер Tunder, Mr X болон “Чингис хаан” хамтлагийн дуучин Жаргалсайхан нар оролцох юм.
Л.Саяан