Азербайжаны нийслэл Бакуд жүдо бөхийн их дуулга тэмцээн амжилттай өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд 61 орны эрэгтэй 206, эмэгтэй 160, нийт 366 жүдоч хүч сорив. Манай шигшээ багийн хувьд нийт 18 жүдоч татамид гарлаа.
Тэмцээний эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг жинд Хангарьд спорт хорооны тамирчин ОУХМ Б.Цогт-Очир хүрэл медаль хүртэв. Манай тамирчны хувьд их дуулга ангиллалын тэмцээний хоёр дахь медалиа хүртэж буй энэ юм.
Мөн тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -52кг жинд барилдсан ОУХМ Л.Сосорбарам мөнгөн медаль хүртлээ. Манай тамирчны хувьд их дуулга ангиллаас хүртэж буй гурав дахь мөнгөн медаль юм.
"Баку-2022" их дуулга тэмцээнд нийт 61 орны 366 тамирчин өрсөлдсөн бөгөөд манай улс нэг мөнгө, нэг хүрэл, хоёр шагналт тавдугаар байрт шалгарснаар 14-р байрт бичигдлээ.
Сонирхуулахад тус тэмцээний эмэгтэйчүүдийн -57кг жинд ДАШТ-ий алт, хүрэл медальт Канадын жүдоч Криста Дэгүчи түрүүллээ. Тэрбээр саяхан болж өндөрлөсөн ДАШТ-д манай тамирчин Л.Энхрийлэнд ялагдсан билээ. Эрэгтэйчүүдийн -81кг жинд Азербайжан улсын нэрийн өмнөөс барилдаж буй "Токио-2020" зуны олимпын наадмын мөнгөн медальт Сайед Моллай түрүүлж алтан медаль хүртлээ.
Манай жүдочдын хувьд дараагийн тэмцээн арванхоёрдугаар сарын 3-4 хооронд болох "Токио-2022" их дуулга тэмцээн юм. Тус тэмцээнд шинэхэн дэлхийн аварга Ц.Цогтбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Л.Энхрийлэн нарын тамирчид зодоглохоор бэлтгэлээ базааж байна.
А.Сүх