“San Antonio Spurs" баг өнгөрсөн жилийн драфтын сонголт Joshua Primo-г багаасаа хөөх шийдвэр гаргажээ. Түүний хувьд 2002 оны арванхоёрдугаар сарын 04-нд Канад улсын Торонтод мэндэлсэн. Тэрбээр коллеждоо Алабамагийн “Crimson Tide” багт 2020-2021 онд тоглосон бөгөөд 2021 оны драфтын 12-оор “San Antonio Spurs" багт сонгогдсон байна. Харин сүүлийн үеийн мэдээллээр түүнийг багаасаа хасагдлаа гэх мэдээлэл сагсанбөмбөг сонирхогчдын анхаарлыг ихэд татах боллоо.
Тэрбээр хэвлэлд өгсөн мэдэгдэлдээ өөрийгөө сэтгэцийн асуудалтай байгаа хэмээн дурдсан боловч эх сурвалжуудын хэлж буйгаар түүнийг эмэгтэй хүний өмнө хувцсаа тайлсан асуудал нь шүүхэд очсон хэмээгээд байна.
Тодруулбал “Spurs” багийн сэтгэлзүйч Hillary Cauthen нь Joshua Primo-г нийт есөн удаагийн үйлдлээр нь түүнд бэлэг эрхтнээ харуулсан хэмээн шүүхэд өгчээ. Хамгийн сүүлчийн тохиолдол нь 2021 оны арванхоёрдугаар сард Joshua Primo-той хийсэн сэтгэлзүйн ярилцлагын үеэр болжээ.
Түүний энэхүү зүй бус үйлдэл нь эмгэг бөгөөд “эксгибиционизм” гэж шинжлэх ухаанд нэрлэдэг байна. Энэ нь бэлгэ эрхтнээ бусдын зөвшөөрөлгүйгээр ил гаргах, харуулах замаар бэлгийн дур хүслийг мэдэрч, сэтгэл ханамжийг олохыг хэлдэг ажээ.
Улмаар сэтгэлзүйч Hillary Cauthen энэ тухай багийн удирдлагуудад 2022 оны нэгдүгээр сард хэлсэн боловч багийн зүгээс түүний хэлснийг үл тоомсорлосон нь ирээдүйтээ сайн тоглогчоо алдахгүй гэсэн оролдлого байсан хэмээн түүний шүүхэд өгсөн мэдэгдэлд дурдсан байна. Багийн удирдлагууд тоглогчынх нь уг мэдээлэл нийтэд ил болохоос өмнө багийнхаа сэтгэлзүйчийг золиосолж тоглогчоо хамгаалсаар байсан тухай уг мэдэгдэлд бичжээ.
Ийнхүү драфтын сонголт дээрээ алдаа гаргаж үзээгүй “San Antonio Spurs" багийн ирээдүйтээ тоглогчийн карьер дуусгавар болж байна.
Л.Саяан