Герман улсад сонирхогчдын боксын дэлхийн цомын тэмцээн арваннэгдүгээр сарын 2-5-нд болж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Ц.Даваацэрэн, Ж.Еркиний удирдлага дор эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөж байна.
Дэлхийн цомын рингэнд гарсан монгол тамирчдын сонин сайхнаас сонордуулахад эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд М.Энхжаргал, 60 кг-д Г.Бадмаараг нар алтан медалийн төлөө тулалдах бол 54 кг-д Э.Мичидмаа мөнгөн медалийн төлөө өрсөлдөнө.
Тэгвэл 50 кг-ын жинд Н.Оюун-Эрдэнэ тулаанаа дуусгасан бөгөөд тэрбээр хүрэл медаль хүртжээ. Тэгвэл тэмцээний эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Л.Даваадорж, 57 кг-д Х.Энх-Амар, 60 кг-д О.Тулга, Т.Энхтөр нар хүрэл медалийн болзол хангасан байна. Дэлхийн цомыг зорьсон Монголын есөн ширэн бээлийтнээс найм нь медальтай ирэх нь тодорхой болов.