Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно.
Тус барилдаанд барилдах бөхчүүдээс түрүүлэх магадлалтай дөрвөн бөхийг онцолж байна.
1. Улсын аварга П.Бүрэнтөгс
"Увс Нуур" бөхийн дэвжээ, "Аврагч" спорт хороо, Ажнай Корпораци, Гачуурт ХК-ийн бөх Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс. Тэрбээр энэ барилдаанд түрүүлэх бөхчүүдийн тэргүүн эгнээнд яригдаж буй бөгөөд Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн барилдаанд шөвгийн дөрөвт шалгарсан. Мөн "Алтан цомын төлөөх" тэмцээнд Увс аймгийн багаас барилдаж гурав давсан.
2. Улсын аварга О.Хангай
"Аврагч" спорт хороо, Од групп", Их Монгол" Сан, Эм Жи Ө транс ХХК-ийн бөх Монгол Улсын 25 дахь аварга О.Хангай. Энэ жилийн наадмын түрүү шинэхэн аварга "Алтан цомын төлөөх" тэмцээнд Ховд аймгийн багаас барилдаж тав давсан. Тэрбээр тун бэлтгэл сайн байгаа бөгөөд өнөөдрийн барилдаанд түрүүлэх бөхчүүдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж байна.
3. Улсын заан Б.Пүрэвсайхан
"Ховд" дэвжээ, "Хилчин" спорт хороо, Нью Прогресс ХХК-ийн бөх Улсын заан Б.Пүрэвсайхан. Нийслэл хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн жилийн ойд зориулсан барилдаанд зодоглох зааныг түрүүлнэ хэмээн бөх сонирхогчид тааварлаж байна. "Алтан цомын төлөөх" тэмцээнд Ховд аймгийн багаас барилдаж дөрөв давсан.
4. Улсын харцага Б.Зоригтбаатар
"Бөх Билэгт" дэвжээ, "Алдар" спорт хороо, Хатант интернэйшнл, "Сокол" ХХК, ЗХ-330 ангийн бөх Монгол Улсын харцага Б.Зоригтбаатар. Тэрбээр энэ жилийн наадмаар харцага цолоо баталсан. Мөн энэ сарын 3-нд Чингэлтэй дүүргийн 30 жилийн ойд зориулсан барилдаан найман даван түрүүлсэн. "Алтан цомын төлөөх" тэмцээнд Архангай аймгийн багаас барилдаж тав давсан.
А.Сүх
Сэтгэгдэл (1)