Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага 18 жүдоч өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзлаа.
Энэ үеэр Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Х.Болдбаатар "ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл гэсэн иж бүрэн медальтай ирлээ. Гэхдээ энэ амжилтаас арай илүүг төсөөлж байлаа. Олимпоос хойш бэлтгэл сургуулилт тасалдалгүй явсан. ДАШТ-ий бэлтгэлийг жилийн хугацаатай бэлдсэн. Зарим нь амжилттай оролцлоо. Зарим нь амжилтгүй оролцлоо.
Бид жил жилийн олимпоор ажлаа дүгнүүлдэг. Зургаан сарын дараа дахин ДАШТ болох гэж байна. Тэмцээнээс ирээд тамирчдаа долоон хоног амраасан. Харин энэ даваа гарагаас эргээд бэлтгэлдээ орсон.
Өнгөрсөн алдаа оноо дээрээ бид хамтарч ажилладаг. Энэ нь тэмцээнүүдэд нөлөөлж байна гэж боддог. Мөн өмнөх олимпод сэтгэлзүйн багтай хамтарч ажилласан нь үр дүнтэй байсан. Тэндээс олсон туршлага энэ тэмцээнд нөлөөлсөн хэмээн харж байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)