Узбекистаны нийслэл Ташкент хотод зохиогдсон жүдо бөхийн ДАШТ-д манай улсаас Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатарын удирдлага 18 жүдоч өрсөлдөж, алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр дөрөвдүгээр байрт жагссан юм.
Энэхүү тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар ДАШТ-ээс медаль хүртсэн Ц.Цогтбаатар, Э.Ариунболд, Л.Энхрийлэн нарыг Биеийн тамир, спортын Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнаж урамшууллаа.
Энэ үеэр Дэлхийн аварга Ц.Цогтбаатар "Дэлхийн аварга гэх сайхан нэр хүндэд хүрсэндээ сэтгэл хангалуун байна. Алтан медалийн төлөө Японы бөх Соичи Хашимототой барилдсан. Өмнө нь Парисийн их дуулгаар алтан медалийн төлөө таараад хожигдсон.
Тэмцээнд явахдаа дэлхийн аварга болох зорилготой явсан.
Дэлхийн аварга болохын тулд хичээж, бэлтгэл сургуулилтаа сайн хийсэн. Ийнхүү дэлхийн аварга болсондоо баяртай байна. Цаашид энэ амжилтаа бататгаад явах нь хамгийн том үүрэг хариуцлага гэж бодож байна. Дараагийн тэмцээнд арванхоёрдугаар сарын 2-ноос эхлэх Токио гранд сламийн тэмцээнд оролцоно. Одоо бэлтгэл сургуулилтаа хийгээд эхэлсэн явж байна. Цаашид олимпын аварга болох зэрэг гаргаж болох бүх амжилтыг гаргамаар байна” гэв.
Д.Батчулуун