Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан хотноо 2022 оны 10 дугаар сарын 19-22-нд нийтийн биеийн тамир, спортын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэдэг олон улсын ASFAA холбооны XVI их хурал амжилттай зохион байгуулагдлаа. Хурлыг БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, Байгаль орчны яам болон Бусан хотын захиргаа, олон улсын болон Ази тивийн бүх нийтийн спортын (Asia Sport For All Association) холбоод хамтран явууллаа.
Энэхүү их хуралд дэлхийн 20 гаруй улс орны 200 орчим төлөөлөгчид оролцож “Дэлхийн нийтийн цаг уурын өөрчлөлт”, “Ковид-19 цар тахлын үед дэх нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээг идэвхжүүлэх нь”, “Идэвхтэй хөдөлгөөнийг дэмжигч 100 хот” зэрэг хэд хэдэн сэдвийн хүрээнд олон илтгэл тавигдаж, хэлэлцүүлэг хийгдлээ.
Ази тивийн томоохон хотуудын төлөөлөгчид өөрийн хотод нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг хуваалцаж, ард иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдэд ээлтэй ая тухтай спортын орчин хэрхэн бүрдүүлэх зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлэг, ярилцлага явагдсан байна.
Монгол Улсаас тус нийтийн биеийн тамир, спортын олон улсын XVI их хуралд Засгийн газрын тохируулагч агентлаг - Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан, Монгол Улсын сайдын зөвлөх Э.Тэмүүжин, нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга Ж.Ганболд, спортын менежментийн холбооны төлөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцлоо. Төлөөлөгчид Монгол Улсын Засгийн Газраас нийтийн биеийн тамир, спортын чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, бодлого зорилтын тухай болон энэ чиглэлд хэрэгжүүлж буй өөрийн орны туршлага, онцлогийн талаар хэлэлцүүлэг ярилцлагад оролцож, танилцуулга хийлээ.
Энэ үер Ази тивийн Бүх нийтийн спортын ASFAA холбооны тайлан ба сонгуулийн Чуулган болж, гишүүн болон ажиллагч орны төлөөлөгчид оролцон “Тив нутагт нийтийн биеийн тамир, спортын хөдөлгөөнийг өрнүүлэх, үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх тунхаглал”-ыг батлан гаргав.
Монголын төлөөлөгчид Бусан хотын Намгү дүүргийн “Иргэдийн бие бялдрын сорилын төв”-ийн үйл ажиллагаатай танилцлаа. БНСУ-д ийм төрлийн 76 төв байдаг бөгөөд тус хотноо 6-н сорилын төв ажиллаж, эхний ээлжид 11 төрлийн тусгай тоног төхөөрөмж ашиглан иргэдийн биеийн байдлын түвшинг тогтоох, тэдгээрийг эрүүл мэндийг хамгаалах, өвчин тусахгүй байхаас сэргийлэх чиглэлээр зөвлөгөө өгөх, дасгал хийх заавраар хангах, идэвхтэй хөдөлгөөнтэй байлган хүн амын дийлэнх хэсгийн спортоор тогтмол хичээллүүлэхэд анхааран ажилладаг ажээ.
Монгол Улсын олимп, нийтийн биеийн, спортын үндэсний хороо ажлын алба болон Биеийн тамир, спортын улсын хороо нь Монгол Улсад хүн амын бие бялдрын сорилын төвийг нээх ажлыг эхлүүлэх чиглэлээр БНСУ-ын Соёл, Спорт, Аялал жуулчлалын яам, спортын эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагуудтай холбоо тогтоон хамтран хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж, судалгаа явуулж байна. Түүнчлэн Ази тивийн бусад улс орнууд хувийн хэвшлээс нийтийн биеийн тамирт хөрөнгө оруулахад төрөөс үзүүлэх дэмжлэг, байгууллага, хамт олныг идэвхтэй дасгал хөдөлгөөн хийлгэн хэвшүүлэхэд үзүүлэх хөшүүрэг зэрэг чиглэлээр талаар мэдээлэл авч манай оронд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.