Индонезийн Бали хотноо болсон Ази тивийн аварга шалгаруулах Өсвөрийн шатарчдын тэмцээнээс Монголын баг тамирчид 25 медаль хүртлээ.
Тус тэмцээнд Ази тивийн 20 орны 462 өсвөрийн шатарчид ур чадвар,бүтээлч байдал,тэсвэр тэвчээр,сэтгэлгээний цараараа өрсөлдөж тивийн аваргуудаа тодрууллаа.
Монгол улсаас Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Монголын шатрын холбооны удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга Ч.Баттүвшин нараар удирдуулсан 36 өсвөрийн тамирчин оролцлоо.
Монгол улсын тамирчид хувийн дүнгээр найман медаль, Багийн төрөлд 17 медаль нийт 25 медаль хүртэж чамлахааргүй амжилттайгаар тэмцээнийг өндөрлүүллээ.
Төв аймаг, 52-р сургууль,"Хан-алтай" клубын тамирчин спортын дэд мастер Э.Хүслэн стандарт буюу сонгодог төрөлд Ази тивийн аварга цол хүртсэн Монголын 10 дахь шатарчин болж энэ амжилтаараа дэлхийн шатрын холбооны мастер цолны болзол хангав. Говьсүмбэр аймаг,"Мончесс" академийн тамирчин М.Маргад стандарт төрлийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 36 дахь медалийг эх орондоо авч ирлээ.