МҮБХ, СПС телевизтэй хамтран зохион байгуулж буй “Үндэсний алтан цом”-ын төлөөх 21 аймаг, 9 дүүрэг, нийслэл Улаанбаатар хот, Тува улсын нийт 32 багийн хооронд зохион байгуулагдаж буй цувралын эхний шатны сүүлийн өдрийн барилдаанд Дорнод аймгийн баг Ховд аймгийн багтай учраа тааран барилдлаа.
Ховд аймгийн баг 21:4-өөр ялж, дараагийн шатанд өрсөлдөх эрхээ өвөртлөн шагналын 5.000.000 төгрөг гардлаа. Ялагдсан багийн шагнал 1.000.000 төгрөг байв. Барилдсан бүх бөхчүүд давааны мөнгөө авцгаав.
Ховд аймгийн багт улсын аварга О.Хангай /5 даваа/, улсын заан Б.Пүрэвсайхан /4 даваа/, улсын начин Б.Сосорбарам /3 даваа/, аймгийн хурц арслан Б.Баянмөнх /4 даваа/, аймгийн арслан Ц.Төмөрцоож /5 даваа/ -тай ялсан бол Дорнод аймгийн багт улсын заан Д.Анар /1 даваа/, аймгийн арслан Э.Ариунмөрөн, Г.Төрмөнх /1 даваа/, Г.Шинэзориг,Б.Батдорж /2 даваа/-тай барилдлаа.
Ийнхүү Монголын үндэсний бөхийн холбооны Алтан цомын төлөөх эхний шатны барилдаанууд өндөрлөж, дараагийн шатанд шалгарсан 16 баг 12-р сард үргэлжлүүлэн өрсөлдөнө.
Энэхүү цувралд орж барилдсан бүх бөхчүүддээ, 14 хоног тасралтгүй ажилласан жаяг дэгийн багийнхандаа, бөхийн өргөөндөө хүрэлцэн ирж нутаг, нутгийн бөхчүүдээ дэмжсэн үзэгч олондоо гүн талархал илэрхийлье.
Нөгөөдөр буюу 10-р сарын 16-ны 12:00 цагаас Сумын цолтон залуу бөхчүүдийн ээлжит барилдаан болно. Бөхийн тоо хязгааргүй. Барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО