Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 6-13-ны өдрүүдэд Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай зохион байгуулагдлаа.
Ташкентийн татамид манай улс эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглолоо. Монголын жүдо бөхийн холбооноос энэ удаагийн ДАШТ-д эрэгтэйчүүдийн -60, -66, эмэгтэйчүүдийн -48, -57 кг-ын жинд тамирчдаа давхарлан оролцуулав.
Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан түүхтэйтэйгээр энэ удаагийн ДАШТ-ийг эхлүүлсэн.
ДАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд Дэлхийн цэргийн спортын наадам, Парисын “Их Дуулга”, Загребийн Гранпригийн хүрэл медальт, Монгол Улсын хошой аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн хүрэл медал хүртлээ.
Эрэгтэйчүүдийн -73кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, Сүхбаатарын одонт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртэв.
Ийнхүү Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 5 алт, 4 мөнгө, 13 хүрэл медаль хүртээд байна.
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин оролцсон бөгөөд манай шигшээ багийн хувьд нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл, шагналт 5-р байрын амжилттайгаар 82 орноос 4-р байрт бичигдэж тэмцээнээ өндөрлүүллээ.
Сонирхуулахад, Японы шигшээ багийн олимпын аварга, дэлхийн аваргууд болох ах дүү Абэ Хифүми, Абэ Үта нар нэг өдөр дахин дэлхийн аваргууд болов.
2017 онд дүү нь залуучуудын дэлхийн аварга, ах нь дэлхийн аварга болж, 2018 онд хоёулаа дэлхийн аварга, 2021 онд олимпын аварга болцгоосон тэд 2022 онд дэлхийн аварга болцгоож дэлхийд тус бүр гурван удаа түрүүллээ.
А.Сүх
Сэтгэгдэл (1)