Жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна.
Монголын баг тамирчдын хувьд ДАШТ-ий түүхэнд 4 алт, 3 мөнгө, 12 хүрэл медаль хүртэж байсан түүхтэйгээр энэхүү тэмцээнийг эхлүүлсэн.
Мөн жүдогийн бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1994 онд гараагаа эхэлж, 2006 он хүртэл 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг байв. 2007 оноос хойш жил бүр зохиогдох болсон бөгөөд манай улсын хувьд эмэгтэй баг нэг мөнгө, нэг хүрэл, эрэгтэй баг нэг хүрэл медаль хүртэж байсан.
"Ташкент-2022" ДАШТ өнөөдөр тав дахь өдрийн барилдаанууд явагдах бөгөөд эрэгтэйүүдийн -90кг, эмэгтэйчүүдийн -70кг жингүүдээр үргэлжилж байна.
ДАШТ-ий эхний өдөр ОУХМ Э.Ариунболд -60кг жинд мөнгөн медаль хүртсэн бол гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57 кг жинд ОУХМ Л.Энхрийлэн хүрэл медаль, "Токио-2020" зуны олимпын наадмын хүрэл медальт, Сүхбаатарын одонт, ОУХМ Ц.Цогтбаатар -73кг жинд алтан медаль хүртлээ. Энэ нь ДАШТ-ээс 5 дахь алтан медаль болон тэмдэглэгдэж байна.
ДАШТ-д түрүүлсэн тамирчид
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар/2009 он Нидерланд, Роттердам, эрэгтэйчүүдийн -66кг/,
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин М.Уранцэцэг /2013 он Бразил, Рио-де-Жанейро, эмэгтэйчүүдийн -48 кг/
- Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар /2014 он Орос, Челябинск, эрэгтэйчүүдийн -60кг/
- Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Сумъяа /2017 он Унгар, Будапешт, эмэгтэйчүүдийн -57 кг /
- Сүхбаатарын одонт, ОУХМ Ц.Цогтбаатар /2022 он Узбекистан, Ташкент эрэгтэйчүүдийн -73кг /
А.Сүх
Сэтгэгдэл (3)