Эрэгтэйчүүдийн 35, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистаны нийслэл Ташкентад амжилттай үргэлжилж байна .
Энэ удаагийн тэмцээнд 82 орны эмэгтэй 261, эрэгтэй 310 нийт 571 тамирчин өрсөлдөхөөр эцсийн байдлаар мэдүүлгээ өгсөн байна. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 жүдоч зодоглох юм.
Манай улс хоёр дахь өдрийн байдлаар нэг мөнгөн, нэг 5-р байртай 82 орноос хоёрдугаар байрт бичигдэж байна.
Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд Үндэсний шигшээ баг, “Сүлд” спорт хорооны тамирчин ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн, Үндэсний шигшээ баг, “Женко" ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо нар хүч үзнэ.
Мөн эрэгтэйчүүдийн -73кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин, Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин, Сүхбаатарын одонт, ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар барилдана.
ДАШТ-ийг "C1" телевиз 13:30 цагаас хэсгийн барилдаан, 19:45 минутаас шигшээ барилдаануудыг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартай шууд дамжуулна.
А.Сүх