“Ташкент-2022” жүдо бөхийн ДАШТ-ий эхний өдөр манай улсаас 4 бөх барилдснаас 60 кг-ын жинд Дэлхийн цэргийн спортын наадам, Парисын “Их Дуулга”, Загребийн Гранпригийн хүрэл медальт, Монгол Улсын хошой аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд мөнгөн медалийн эзэн боллоо. Тэрбээр Монголын жүдогийн 60 кг-ын жин дэлхийд дээгүүр өрсөлддөг гэдгийг нотлон харуулж финалд шалгарсан ч шигшээ барилдаанд Токиогийн олимпийн аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы алдарт Наохиса Такатод цэвэр ялагдсан.
Э.Ариунболд манай цагаан өмсгөлтнүүдээс ДАШТ-ээс түүхэнд 4 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирав.
Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар О.Балжинням 1989 онд Белградад, гавьяат тамирчин Д.Амартүвшин 2013 онд Рио де Жанейрод, хөдөлмөрийн баатар М.Уранцэцэг 2017 онд Будапештэд үзүүрлэж байв.
Сэтгэгдэл (1)