"Жембори бол скаутуудын олимп" хэмээдэг. Энэ удаагийн скаутын олимп Найрамдал зусланд зохион байгуулагдаж байгаа юм. Манай сурвалжлах баг 870 гаруй скаут цугларсан Найрамдал зусланг зорилоо. Оролцогчид долоон өдөр, зургаан шөнийг Монгол Улсын өнцөг булан бүрээс цугласан үе тэнгийн хүүхдүүдтэй танилцаж, цагийг зугаатай өнгөрөөж байлаа. Жемборийн үеэр хүүхдүүд майханд байрлаж, олон төрлийн өртөөчилсөн арга хэмжээнд оролцон, салаагаараа хоолоо хийдэг тул цаг ямагт шинэ туршлaга хуримтлуулж, багаар ажиллах чадварт суралцдаг хэмээн скаутууд онцолж байв. Мөн Монголын скаутын холбооны үе үеийн зураг, бүч, гарын авлага, тэмдэгтүүд бүхий үзэсгэлэн дэлгэгджээ. Мөн Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд үе үеийн удирдагч багш нар, скаутууд цугларчээ. Ийнхүү долоо дахь удаагийн Жемборид оролцож буй багш, скаутуудын сэтгэгдлийг хүргэж байна.
Б.Ариунболд: Скаутын хөдөлгөөн хүүхэд залуучуудад амьдрах ухаан, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг олгодог
Сайн байна уу? Намайг Ариунболд гэдэг. Скаутууд маань Анна гэж дууддаг. Бид ихрүүд. Бид скаутад 1993 оноос хойш одоог хүртэл явж байна. Би Үндэсний товчооны гишүүнээр ажилладаг. Скаутын хөдөлгөөн хүүхэд залуучуудад амьдрах ухаан, хүндрэл бэрхшээлийг даван туулах чадварыг олгодог. Скаут бол хүн бүрийг олон хүнтэй найзалж нөхөрлөх, өөрийгөө нээж илрүүлэх, шинэ зүйлийг сурч мэдэх амьдралын маш том сургууль юм. Өнөөдөр Найрамдал зуслан дээр Үндэсний Жембори болж байна. 30 жилийн ойн Жемборид оролцож байгаа скаутууд, үе үеийн удирдагч багш нартаа бүгдэд нь баярын мэнд хүргэе.
Б.Барсболд: Хүүхдүүд маань биднийг хооронд нь ялгахгүй их андуурдаг
Намайг Барсболд гэдэг. Биднийг скаутууд маань Анна, Барсаа гэдэг юм. Бид хоёр наймдугаар ангиасаа эхлээд скаутын багш хийж байлаа. Мөн Сүхбаатар дүүргийг удирдаж ажиллаж байсан. Одоо хувиараа өөр ажил хийж байна. Скаут бол нөхөрлөл, хувь хүнд биеэ даах чадвар, төлөвшлийг олгодог. Бид зэрэг скаутад яваад, хамт багш болж байлаа. Байнга хамт л явдаг байсан. Өөр өөр дүүрэг удирдаад явж байлаа. Тухайн үед хүүхдүүдээ их хуурна. Биднийг хооронд нь ялгахгүй учир их андуурдаг юм л даа. 1996 онд анхны Жемборид мянган хүүхэд цуглуулчхаад хоёр талцуулж тоглуулж байлаа. Үе үеийн удирдагч багш нар, скаутууд, шавь нартаа хамгийн сайн сайхныг хүсье.
Т.Сувд-Эрдэнэ: Үзэсгэлэнгийн материалуудыг олон жил багшилсан, скаутын үйл ажиллагаанд идэвхтэй байнга оролцдог хүмүүсээс бүрдүүлсэн
Намайг Т.Сувд-Эрдэнэ гэдэг. 2016 оноос хойш скаут хэмээх зүйлийг олж мэдээд, оролцож ирсэн. Энэ удаа тав дахь удаагийн оролцож буй скаутын үйл ажиллагаа болж байна. Би сайн дураар ажиллаж байгаа. Ингэхдээ үзэсгэлэнгийн ажлыг хариуцаж авсан. Сайн дурын 100 гаруй хүүхэд оролцож байна.
Энэхүү жааз, дүрэмт хувцас бол Монголын скаутын үйл ажиллагааг хамгийн анх зохион байгуулсан Болдбаатар багшийн дурсгалд зориулж энэ буланг гаргасан. Мөн үе үеийн скаутуудын зургууд дэлгэгдсэн байна. Үзэсгэлэн маань дурсамжийг агуулсан юм. Энэхүү тэмдэгтүүд бол Болдоо багшийн тэмдгүүд болон гадаадад оролцож байсан үйл ажиллагааны тэмдэгтүүд байна. Хамгийн анх 1996 онд олон улсын үйл ажиллагаанд оролцож байсан юм билээ.
Жемборийн үйл ажиллагааны бүч, малгай, футболкнууд харагдаж байна. Жил болгон бүч, футболк үүргэвчийг хүүхэд болгонд өгдөг. Майхант цугларалтын үеэр бусад орны хүмүүстэй солилцож авсан болон бэлгэд авсан тэмдэгтүүд дэлгэгдсэн байгаа. Кабын шагнал, жил жилийн сонин, анхдагч скаутуудын гаргасан гарын авлага, номууд мөн харагдаж байна. Үзэсгэлэнгийн материалуудыг олон жил багшилсан, скаутын үйл ажиллагаанд идэвхтэй байнга оролцдог хүмүүсээс бүрдүүлсэн.
М.Мөнхдорж: Бүч бүхэн өөрийн өнгө аяс, түүхийг илэрхийлж байдаг
Монголын скаутын холбооны товчооны гишүүн, хүүхэд залуучуудын зөвлөлийн дарга М.Мөнхдоржоос үзэсгэлэнд өлгөөстэй бүчнүүдийн талаар тодрууллаа. М.Мөнхдорж “Энд байгаа бүчнүүд өнгөрсөн 30 жилийн хугацааны скаутуудын түүхийг хадгалж үлдсэн он цагийн товчоон гэж хэлж болно. Бүч бүр өөр өөрийн гэсэн өнгө аяс, түүхэн цаг хугацааг илэрхийлдэг. Жишээлбэл, хамгийн анхны буюу 1996 онд зохион байгуулагдсан Жембори, 1999 оны анхны Rover moot буюу насанд хүрэгчдийн Жемборийн бүч, АНЭУ-ын бүч зэрэг харагдаж байна. Үүнээс гадна бүлгүүд өөр өөрийн гэсэн өнгө аясыг илэрхийлэх бүчтэй байдаг.
Бүч нь гурвалжин алчуурны хэлбэртэй, friendship буюу дөрвөлжин хэлбэртэй зангиддаг, эсвэл заавал бүчлүүр ашигладаг.
С.Уламбаяр: Хүүхдүүд энд бүлэг, найз нөхдөөрөө тойрч суугаад түүдэг асаах, дуулж бүжиглэх гээд хүссэнээ хийх боломжтойгоос гадна open mic ажиллаж байна
Нэгдсэн үйл ажиллагааны талаар Жемборийн зохион байгуулах хорооны менежментийн дарга С.Уламбаяраас тодрууллаа. Тэрбээр “Энэ удаагийн Жембори нь Монгол Улсад скаутын хөдөлгөөн үүсч хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ давуу талтай бөгөөд хэд хэдэн шинэлэг үйл ажиллагааг хөтөлбөртөө тусгаж өгсөн. Энэ удаагийн майхант зуслангийн хөтөлбөрт маант 21 аймаг, есөн дүүргийн 870 орчим скаут хүүхдүүд, 200 орчим багш, сайн дурын ажилчид хамрагдаж байна. Жемборийн үеэр хүүхдүүдэд зориулсан адал явдалт тоглоом, спорт, байгаль орчныг хамгаалах, нийгмийн хөгжлийн хотхон болон танин мэдэхүйн төвүүд ажиллаж байна. Мөн энэ удаагийн хөтөлбөрт чөлөөт цагийн цогцолбор нэмэгдсэн. Энэ нь 24 цагийн үйл ажиллагаатай, өөрөөр хэлбэл шөнийн үйл ажиллагаатай. Хүүхдүүд энд бүлэг, найз нөхдөөрөө тойрч суугаад түүдэг асаах, дуулж бүжиглэх гээд хүссэнээ хийх боломжтойгоос гадна open mic ажиллаж байна” гэв.
М.Зөнбилэг: Миний анхны Жембори учир маш сонирхолтой байна
Намайг М.Зөнбилэг гэдэг. Сүхбаатар аймгаас оролцож байна. Одоо аравдугаар ангид сурдаг. Миний анхны Жембори учир маш сонирхолтой байна. Бодож, төлөвлөөгүй зүйл их болдог юм байна. Олон хүүхдүүдтэй танилцлаа. Би нөхөрлөл бүлгийн Ирээдүй салааны багийн ахлагч. Манай аймгаас 108 хүүхэд, гурван багш ирсэн. Манай салаанд хамгийн бага нь тав, зургаадугаар ангийн хүүхдүүд бий. Сүхбаатар аймгаас хамгийн олон хүүхэд байна гэж багш нар ярьж байна лээ. Улсын "Их дуулга" арга хэмжээнд Мөнххаан сумаас скаутууд оролцож таван удаа цом авч байсан. Эхний өдөр бороотой өдөр угтсан. Чийгтэй газар майхангаа барихад жаахан хүндрэлтэй байсан. Долоо хоног бороотой гэж байсан ч цаг агаар сайхан байна. Бидэнд хүнс тавьж өгөөд өөрсдөө майхандаа хоолоо хийж иддэг.
С.Сувдаа: Шинжлэх ухааны цогцолборт ирснээр хүүхдүүд янз бүрийн туршилтууд хийж үзэх боломжтой
Жемборийн хөтөлбөрт 150 орчим сайн дурын ажилчид оролцож байгаагийн нэг нь С.Сувдаа. Тэрбээр СЭЗИС-ийн нягтлан бодох бүртгэлийн ангид суралцдаг. Тэрбээр анх удаа Жемборийн хөтөлбөрт сайн дурын ажилтнаар оролцож байгаа сэтгэгдэлээ бидэнтэй хуваалцлаа.
Сайн уу. Намайг С.Сувдаа гэдэг. Энэ жил дөрөвдүгээр курст орно. Миний хувьд багаасаа бүрэг, даруухан хүүхэд байсан болоод ч тэр үү өөрийгөө илэрхийлэх, олон нийтийн үйл ажиллагаанд идэвхгүй хүүхэд байсан. Харин оюутан болж ирээд өөрийнхөө сул талыг давуу тал болгохоор шийдсэн. Ингээд 2016 оны өвөл анх скауттай танилцаж, салаан дарга бэлтгэх сургалтад хамрагдаж байлаа. Энэ удаагийн “Жембори”-д би анх удаа сайн дурын ажилтнаар оролцож байна. Надад хүүхдүүдтэй ажиллах хөгжилтэй байгаа. Өөрийнхөө хийж байгаа ажлаас танилцуулбал, Хөтөлбөрийн хороонд багтаж “STEM” буюу шинжлэх ухааны цогцолбор төвд ажиллаж байна. Энэхүү цогцолборт ирснээр хүүхдүүд янз бүрийн шинжлэх ухааны туршилтуудыг өөрсдөө хийж үзэх боломжтой.
Д.Батчулуун, Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (6761)