Улсын баяр наадам эхэлж буйтай холбогдуулан өнгөрсөн жилийн ярилцлагыг сэргээн хүргэж байна.
Наадам дөхөхийн хэрээр бөхчүүд бэлтгэлээ жигдрүүлж, уяачид хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж, эрхий мэргэн харваачид алтан шар зурхайгаасаа адис авдаг. Эдгээр өдрүүд Монгол хүн бүрийн сэтгэлд дотно, догдлол дүүрэн байдаг билээ. Манай сурвалжлах багийг “Увс нуур” бөхийн галд очих үед тус галын сорилго барилдаан болж байлаа. Энэ үеэр Улсын начин Л.Цэвээнтэй ярилцлаа. Тэрбээр “Увс нуур” галын сорилго барилдаанд зодоглосон бөхчүүдийн хамгийн ахмад нь байсан юм.
-Сайхан наадаж байна уу. Та энэ жилийн наадмаар зодоглох уу. Бэлтгэл сургуулилт тань хэр байна вэ?
-Барилдалгүй яах вэ. Гэхдээ ах нь бэлтгэл хийгээгүй. Самганыхаа цайг уугаад л сууж байна даа. “Увс нуур” галынхаа сорилго барилдаанд нэг даваад, хоёрын даваанд нэг хүүг үнсээд явууллаа.
-Өнөө жилийн бөхийн өнгө хэр байх юм. Улсын цолонд ойр гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Бөхчүүд сайхан байна. Залсуусаас энэ нь цол авна гэж нэрлэхэд хэцүү болж. Төрийн наадамд ам гарч болдоггүй юм шүү дээ.
-Нэг жил өнжсөн баяр наадмыг хэр сэтгэл догдлолтой хэр байна вэ?
-Энэ жил их өргөн дэлгэр наадам болно байх. Өвчин хууч залуучуудад нэлээн нөлөөлөх шиг. Өнөө жил хүн бүрийн сэтгэл тэнэгэр, өвс ногоо нь сайхан ургасан, малынх нь зоо сайхан тэнийсэн байна. Засаг төр нь нэг тийшээ шийдэгдэж байх шиг байна. Ирээдүй сайхан болно гэдэгт настай хүний хувьд итгэж байна.
-Та улсын начин цол хүртсэн наадмаа эргэн дурсахгүй юу?
-Ах нь Улсын баяр наадамд гурав, дөрвөн удаа тунасан хүн. 1987 оны наадмаар нэгийн даваанд “Алдар”-ын Зэвгийг, хоёрын даваанд монголд бэлтгэл сургуулилт хийж байсан Оросын бөхийг, гурвын даваанд Булганы А.Лхагвасүрэнг, дөрвийн даваанд С.Чулуун начныг, тавын давааг улсын заан Амгааг давж улсын цолны босго алхсан.
-Дараа нь?
-Зургаагийн даваанд Х.Баянмөнх аваргын гарыг амраасан даа.
-Баянаа аваргатай яс үзээгүй юм уу?
-Тийм ээ. Түрүүлэх бөхийн гарыг амраасан хэрэг. Уг нь би тэр жил гойд сайн байсан юм.
-Дараа жил нь яав?
-Дараа жилүүдэд нь сайн барилдаагүй. Уг нь цол авдаг жил бэлтгэл сайн байлаа. Би ер нь хүний үгэнд ордоггүй, зөрүүд хүн. Өөрөө явбал явахаар байсан юм. Тийм сайн байсан жилүүдэд нутгийнхаа таван залууг дэмжсэн.
-Хэн хэнийг дэмжив?
-Улсын начин Нямжав, Даваасүрэн, түргэний Эрхэмбаяр, Н.Баямагнай нарыг дэмжсэн.
-Бөхийн гараа тань хэзээнээс эхлэв?
-1976 он. Аварга Балжинням, Сүхбаатар бид гурав армид нэг гэрт байсан. Нэг гэрээс аварга, заан, начин гурав төрсөн л дөө. Тэгж ярьвал Балжинням бид хоёр нэг айлын ах дүүгийн охинтой гэрлэсэн.
-Та анхны цолоо хаана хийж байв?
-Би 1980 онд Сүхбаатар аймагт арслан болж байлаа. Урд жил нь Дундговийн Улаанхүү начин маань аймгийн арслан Цэнджавд унаад ирсэн. Дараа жил нь би очиж байгаа юм. Цэнджав гээд аймгийн арслан байсан.
-Та А.Сүхбат аваргыг ид үед нь заалны барилдаанд давж шуугиулж байсан даа. Тэр үед та хэдэн настай байлаа?
-50 гарчихсан үе шүү дээ. А.Сүхбат аварга намайг гурвын даваанд хэд хэд авсан юм. Нэг удаа амны настай бөхдөө унасан нь тэгж шуугиулахгүй юү. Надад унасан бөх их сургамж авдаг, дээшээ сайн ч барилддаг.
-Таны дархан мэх гэвэл. Дархан мэхээ залуучуудад зааж байна уу?
-Бусгадаг юм. Бусгаад хүн хазайгаад ирвэл тонгорно, хутгана гээд их л хурдтай байж дээ. Одоо хөл гүйцэхгүй гэж бодоод хийхгүй байна. Түүнээс биш сурсан юм бол байна. Сурцтай ч хийнэ. Гэсэн ч 70 хүрч яваа хүн хэмжээгээ мэдэлгүй яах вэ.
-Залуучуудаас бусгах мэхийг даацтай хийж байгаа нь хэн байна вэ?
-Харагдахгүй байна. Залуучууд их хашир болж. Б.Бат-Эрдэнэ аварга шиг байна даа. Аварга залуудаа хүн унаж байхад л зогсож байдаг байлаа. Хаяхгүй их хашир байсан.
-Энэ жилийн наадмын түрүү бөхийг хэн гэж таамаглаж байна вэ?
-Аваргууд өнгөлнө байх. Сайхан залуучууд их байна. Цагаан сараар түрүүлсэн Архангайн Э.Мөнхжаргал дээгүүр барилдаж магадгүй. Энэ залуучуудын бэлтгэл сургуулилт мундаг байна. Бидний үед даагаад бэлтгэлд гаргадаг хүн гэж байдаггүй байлаа. Би ер бэлтгэлд гарч үзээгүй. Дээр үед Харзтайд хоёрхон хонож байсан юм. Сайхан өгөгдөлтэй бие бялдар эцэг эхээс заяаж дээ гэж залбирч явдаг. Өгөгдөлтэй бие бялдар, сийрэг ухаантай бөх хүн архи дарс, тамхи тарианаас хол байж самганаа солихгүй явахад л амжилт ойрхон доо.
-Танд барилдахад хамгийн эвгүй бөх хэн байв?
-Булганы дарваан Ж.Борыг нэг удаа ч хаяагүй. Улсын наадамд хоёр удаа таарсан. Хоёр удаа барилдаад би хоёр ойчсон. Бас аварга А.Сүхбаттай барилдахад эв нь олдохгүй, эвгүй бөх.
-Та аваргуудтай олон барилдсан уу?
-Барилдалгүй яах вэ. Даваад, хаяад л... Гэхдээ аваргыг тэгж олон удаа хаяж байсангүй. Би хүнд бууж өгч, худлаа барилдана гэж байхгүй. Сая бөхийн галын сорилго барилдаандаа нэг давлаа. Хоёрын даваандаа нэг хүүхэд үнсээд явууллаа. Улсын наадам болоход долоо наймхан хоног дутуу байхад залуучуудтай барилдаж байгаад хөл гараа гэмтээвэл яана.
-Та одоо бэлтгэл, дасгал хийж байна уу?
-Хийхгүй байна. Гайгүйхэн төрчихсөн хүнд хөдөлгөөн болгон мэх байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)