The Voice of Mongolia шоуны шилдэг оролцогч, дуучин Э.Дашнямтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе
-Баярлалаа, чамд ч бас
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сонин сайхнаас тань яриагаа эхэлье. Шинэ уран бүтээлийнхээ тухай хуваалцахгүй юу?
-Сүүлийн үеийн уран бүтээл гэвэл өчигдөр орой “Хайрхан” гээд шинэ уран бүтээлээ цацлаа. “Хайрхан” дуу байгаль дэлхий, ан амьтнаа хайрлах, гэсэн утга санааг агуулж буй юм. Бүх л зүйл амьтай. Тиймээс хүндэтгэлтэй хандаж, байгаль эх дэлхийтэйгээ соёлтой харьцаасай хэмээн бодож энэхүү уран бүтээлээ гаргасан. Байгальд, бугатай зураг авалт зэрэг хүнд зохиолтой дуу болохоор сар гаруй хугацаанд клипний зураг авалт хийлээ. Мөн өөр уран бүтээлүүд хийгдэж байна. Удахгүй зунаас шинэ уран бүтээлүүдээ цацах төлөвлөгөөтэй байна даа.
-Та 2015 онд СУИС-г төгссөн. Сургуулиа төгсөөд уран бүтээлийн гараагаа эхэлсэн юм билээ. Тухайн үед ямар уран бүтээл гаргаж байв? Урын санд тань хэдэн дуу байна вэ?
-Тийм ээ. Хамгийн анх 2014 онд “Эрэмгий хээр” гээд морины тухай дуугаа цацсан. Түүнээс хойш нэлээд хэдэн уран бүтээл хийжээ. Одоогийн байдлаар 20 орчим уран бүтээл бий. Үүнээс зургаа долоо орчим нь клиптэй цацагдсан уран бүтээлүүд байгаа.
-Та The voice of Mongolia шоунд эхний шатанд “Бүсгүй” дууг дуулсан. Харин саяхан Хурд хамтлагтай хамтран “Бүсгүй” дууг клипжүүлж, дахин амилууллаа. Монголын ард түмэн маш сайхан хүлээж авсан шүү дээ. Энэ тухай хуваалцахгүй юу?
-Хурд хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой ирэх жил болох гэж байна. “Бүсгүй” дуу зохиогдоод 20 орчим жил дуулагджээ. Ард түмэнд олон жил дуулагдсан, үг аялгуу их гоё дуу. Домогт Хурд хамтлагтай хамтран энэхүү гайхалтай дууг дуулах азтай хувь заяа надад тохиосон. Үүнд их баярлаж явдаг даа.
-Тантай өмнө нь холбогдоход хөдөө явна гэж байсан. Аав, ээж дээрээ очих зав чөлөө хэр олдож байна вэ? Урлагийн хүн их завгүй байдаг шүү дээ.
-Тэгэлгүй яах вэ. Бид нар чинь цаг наргүй л ажиллаж байдаг хүмүүс шүү дээ. Ард түмэнд дуу хуураар үйлчилж, ард түмнийг соён гэгээрүүлэх, сэтгэлийг нь дуу хуураар жаргааж баяр баясгалан төрүүлэх гэж хичээж явдаг хүмүүс. Тийм ч учраас их зав муутай байдаг даа. Манайх Төв аймагт байдаг юм. Аав ээж дээрээ зав гаргаж очилгүй яах вэ.
-Хоёр ой гарантай байхдаа морь унаж сурсан гэж нэг ярилцлагадаа дурдсан байна лээ. Их багаасаа морь унаж сурчээ? Мөн хурдан морь хэзээнээс унаж сурсан бэ?
-Номхон морь унадаг байсан л даа. Модон эмээл дээр мордуулаад, резинээр хөл уячихна. Тэгээд л хөтлүүлээд явдаг байсан. Тэгээд дөрвөн настайгаасаа хурдан морь унаж эхэлсэн.
-Хурдан морь унадаг хүүхэд сайхан гийнгоолдог. Гийнгоолохыг уртын дуутай дөхүү ч гэж ярьдаг. Гийнгоолох уртын дуу дуулахад тань нөлөөлсөн болов уу?
-Тийм ээ. Гийнгоолох уртын дуутай их төстэй. Гийнгоолохдоо морины Хаянхярваа бурхны зүрхэн тарни уншдаг. Тэгээд л цаашаа гийнгоолоод явдаг даа. Мэдээж нөлөөлсөн гэж боддог.
-Уртын дуу дуулах болсон тухайгаа хуваалцахгүй юу?
-Арван жилд байхад манай Алтан булаг суманд Цагаан-Өвгөн гэж Монгол туургатан театрын уртын дуучин ирсэн юм. Тэр хүнээр Хөөрхөн халиун, Цомбон туурайтай хүлэг зэрэг уртын дуу заалгаж байлаа. Түүнээс хойш уртын дуучин болохоор шийдсэн дээ. Мөн үндэсний өв соёлыг тээж, өвлүүлж авч явах үүрэг бидэнд бий. Тэр хариуцлагынхаа хүрээнд уртын дуугаа дуулсаар байна.
-Уртын дууг хөдөө талд дуулах, тайзан дээр эсвэл хязгаарлагдмал орон зайд дуулах ялгаатай байх, тийм үү?
- Их ялгаатай. Хөдөө тал хээр газар дуулахад их сайхан. Уртын дуу тал хээр газар морио унаад давхиж явахдаа л зохиосон байх гэж боддог юм. Мөн чонын улианаас үүссэн ч гэж ярьдаг. Тэгэхээр хөдөө талд дуулах, тайзан дээр дуулж байгаа сэтгэл зүй өөр байдаг.
-Та хөгжмийн зохиолч, удирдаач Б.Дамдинсүрэн гуайн зээ хүү. Өвөө тань таныг урлагийн хүн болоход нөлөөлсөн үү?
-Өвөө маань намайг төрөхөөс жилийн өмнө нас барсан. Мэдээж генийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлсөн гэж боддог. Тийм ч учраас би ингээд дуулаад явж байгаа. Мөн миний аав, ээж хоёр их сайхан дуулдаг хүмүүс бий.
-The Voice of Mongolia шоуны сүүлийн хоёр шатанд гадаад дуу дуулсан шүү дээ. Зарим үзэгчид шүүмжлэлтэй хандаж байсан. Одоо гадаад дууг гаргаахгүй болсон уу?
-Одоо гадаад дуу дуулахгүй байгаа. Хэллэг дуудлага зэрэг нь хэцүү юм билээ. Цаашдаа дуулах л байх даа.
-Та их мэдрэмжтэй, урлагийнхны хэлээр дотортой дуучин. Дуугаа мэдэрч дуулах их чухал байдаг байх, тийм үү?
-Тийм ээ. Сайхан уулын тухай дуу дуулж байвал уул усныхаа тухай бодож, ээжийн тухай дуу дуулж байвал ээжийгээ бодож, бүсгүйн тухай дуу дуулж байвал хайртай бүсгүйнхээ тухай бодож дуулдаг даа. Өөр зүйл бодож дуулбал хүмүүсийн сэтгэлд хүрэхгүй л даа.
-Таныг хурим чадварлаг хөтөлдөг тухай дуулсан. Хэзээнээс хурим хөтөлж эхэлсэн бэ?
-Оюутан байхдаа тав арван цаас олох гээд л олон зүйл хийдэг байлаа. 2012 оноос эхлээд арга хэмжээнүүдэд хөтлөлт хийдэг байсан. Хурим найр, шинэ жил гээд л... Одоо бол хөтлөлт хийхгүй байгаа. Хөтлөгч хоолойд гэмтэй байдаг. Тухайлбал, байнга орилж хашгарна, хүмүүсийн сэтгэлийн хөдөлгөх гэж их юм болно оо.
-Цаашдаа ямар төрлийн уран бүтээл гаргах вэ? Мэдээж, уртын дуугаар дагнахгүй байх?
-Үндэсний хэв маягаа хадгалсан уран бүтээл гаргах бодолтой байна. Уртын дуу, ардын дууг орчин үеийн болгож уран бүтээл хийхийг зорьж байна даа..
-The Voice of Mongolia шоу явагдаж байгаа. Оролцогчид танд ямар санагдаж байна вэ? Таны оролцож байсан үеэс ялгаа байна уу?
- Хүүхдүүд мундаг авьяастай байна. Гайхалтай сайхан дуулж байна. Харин тэд гадаад дууг төрөлх хэлээрээ дуулж байгаа мэт сайн дуулдаг. Харин Монгол дуугаа гаднын хүн шиг дуулж байгаа мэт дуулж байна. Ер нь миний орж байсан үед ч тийм байсан.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын уран бүтээлд нь амжилт хүсье.
- Баярлалаа. Та бүхэнд ч бас.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (3)