Идэр есийн өдрүүдэд ороогүй цас оройтож орсондоо ч тэр үү илүү хүйтэн байх шиг санагдана.Гараад алхахаар хэт хүйтэн, машин барихаар мөнөөх л түгжрээ. Улаанбаатарын өвлийг жинхэнэ утгаар нь мэдрүүлсэн хоногууд ойрын хэдэн өдөр үргэлжлэх нь ээ. Жавар...Түгжрэл...Хаврын өдрүүдэд ирсэн “Улаанбаатарын өвөл”... Хачин дулаахан газар хаана байгаа бол? Оройтож ирсэн “Улаанбаатарын өвөл”-өөр хачин дулаахан тийм газрыг зорилоо. Тэр бол цэцэгсийн урлан “Сарнайх”. Биднийг “Сарнайх” урлангийн дизайнер Л.Ганцэцэг эгч угтаж авав. Хаалга нээх төдийд цэцэгсийн өнгө хараа булааж, тансаг үнэр хамар цоргино. Шилтэй, ваартай өнгө өнгийн цэцэгс үүднээсээ угтлаа. Жаахан цаашилбал хана болон таазыг модоор чимэглэж, зөөлөн шар гэрлүүд харц булаав. Ханын тавиур дээр чихмэл бамбарууш, лаа, элдэв янзын туузуудаас авахуулаад жижигхэн болжмор хүртэл өрөөстэй. Өрөөний зохион байгуулалтыг үйлчлүүлэгчид тухтай байдлыг төрүүлэхээр хийсэн бололтой. Хананы зөөлөн өнгө, жижигхэн модон ширээ сандал зэрэг нь таатай байдлыг төрүүлж байв. Аргагүй дээ, энэ бол Үржнээгийн Сарнайгийн үүсгэн байгуулсан урлан шүү дээ. Ийнхүү орчин тойрноо таатай ажиглаж дуусаад дизайнер Л.Ганцэцэг эгчтэй "СарнайХ" цэцэгсийн урлангийн тухай яриагаа эхлүүллээ. Тэрбээр энэ урланг нээсэн цагаас нь ажиллаж байгаа ажээ.
-Сарнайх цэцэгсийн урлан байгуулагдаад 15 жил болжээ. Үүсгэн байгуулагдсан цагаас нь ажилласан хүнээс үүх түүхийг нь сонирхъё гэж бодлоо. Сарнайх цэцэгсийн урланг бидэнд танилцуулна уу?
-Тийм ээ, энэ жил урлангийн 15 жилийн ой тохиож байна. Манай урлан анх 2007 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр буюу Валентины баяраар Дөчин мянгатад нээгдэж байсан. Би анх нээгдэхэд нь байгаагүй л дээ. Сарын дараа буюу гуравдугаар сарын 8-нд ажиллаж эхэлсэн юм. Одоогоор манай урлан хоёр салбартай ажиллаж байна.
-Та яагаад “Сарнайх”-ыг сонгож ажиллах болсон юм бэ? Таны мэргэжил цэцэгчин үү?
-Би Дүрслэх урлагийн “Анима” сургуульд дизайнер мэргэжлээр суралцаж байсан. “Анима” гэж манай захирал Ү.Сарнай эгчийн өвөөгийн нэрэмжит сургууль. Би Я.Туяа багшийн шавь байсан юм. Мартын наймны үеэр Я.Туяа багш “Манай дүү цэцгийн дэлгүүр нээсэн юм. Чи очоод туслаад өгөөч” гэхэд нь сонирхон очиж байлаа. Анх ирэхэд бүх зүйл нь цав цагаан, өнгө өнгийн цэцэгс алагласан маш сайхан газар орж ирсэн. Тэгээд л маш их таалагдсан учир туслахаар ажиллаж эхэлсэн дээ. Нэг мэдсэн хэдийнээ 15 жил болжээ. Цаг хугацаа гэж хурдан юм.
-Анх ажиллаж байх үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу?
-Ажилд ороод удаагүй байтал хамт ажилладаг охин долоо хоногийн чөлөө аваад явчихсан. Хоёулаа ажилладаг байсан юм л даа. Би юу ч мэдэхгүй ганцаараа үлдсэн. Хүмүүс орж ирээд цэцэг авахад “Уучлаарай, би дөнгөж ажилд орсон юм аа. Муухай боовол уучлаарай” гээд л үйлчлүүлэгчтэйгээ ярилцаж байгаад боож өгдөг байлаа. Тухайн үед Навчаа, Жаргал гээд эгч нар надад зөвлөгөө өгдөг байсан. Манай цэцгийн дэлгүүрээр орж ирэхдээ цэцгийн талаар, боодол чимэглэлийн талаар зөвлөгөө өгнө. Орж ирэх бүрдээ л “Сайн байна. Сайжирсан байна шүү дээ” гээд л урам өгдөг байсан.
-Цэцэг бэлэглэх соёл гэж тусдаа урлаг байна. Ямар баяраар, ямар тэмдэглэлт өдрөөр хэнд ямар цэцэг бэлэглэвэл зүгээр талаар та зөвлөгөө өгнө үү?
-Орон оронд бол өөр өөрөөр үздэг юм билээ. Манайд бол тийм цэцгийг тийм баяраар өгч болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. Цэцэг өөр өөрийн гэсэн бэлгэдэлтэй. Мөн өнгө өнгөөрөө бэлгэдэл нь өөр байдаг. Улаан өнгө хайр, улбар шар өнгө ялалт амжилт, шар өнгө эрдмийн цэцэг хэмээн бэлгэддэг.
-Танайх цэцгээ хаанаас авчирдаг вэ?
-Солонгос улсаас агаараар тээвэрлэн авчирдаг.
-Танай урланд хэчнээн төрлийн цэцэг ирдэг вэ?
-Маш олон төрлийн цэцэг ирдэг. Төрлөөр нь тооцоод үзвэл 50 орчим цэцэг ирдэг. Гэхдээ улирал улирлаар өөр өөр цэцэг ирдэг л дээ. Жишээлбэл, Алтан зул цэцэг өвлийн сүүлээр мартын найман дуустал ирнэ. Зарим цэцэг зундаа ургадаг учир өвөл ирдэггүй.
-Валентины баярын баглааг боосон цаас маш сонирхолтой байсан. Цэцэг арчлах зөвлөгөө бүхий сонингийн баглаа дээр маш олон зөвлөгөө багтаажээ. Энэ тухайгаа хуваалцахгүй юу?
-Бид 15 жилийн ойдоо зориулаад ийм сонин гаргасан. Энэ цаасандаа цэцгийн зөвлөгөө, хүмүүсийн сэтгэгдлийг багтаасан байгаа. Мөн “Би чамд хайртай” гээд 101 орны хэлээр бичсэн цаас бас бий. Өчигдрийн тухайд энэ хоёр цаас хамгийн их хэрэглэгдсэн. Туузын хувьд үзүүрт нь зүрхтэй туузаар цэцгийн баглаагаа мөн чимэглэсэн. Хүмүүс их сонирхож байна лээ.
-Валентинаар ямар цэцгийг үйлчлүүлэгчид илүү сонгодог вэ?
-Улаан, яагаан сарнай, алтан зул цэцэг борлуулалт өндөр байсан. Би анх ажилд ороход сарнай, лили хоёроос өөр цэцэг мэддэггүй байлаа. Тухай үеийн нийгэм ч тийм байсан. Харин одоо цэцгийн төрөл нэмэгдсэн. Тийм ч учраас үйлчлүүлэгч бүрийн сонирхол өөр. Мөн хэнд, ямар хүнд өгөх зэргээс нь шалтгаалаад өөр өөр цэцэг сонгож, санал болгодог.
"Танай урлангийн онцлог юу вэ" гэхэд Та бүхнийг орж ирэхэд ямар мэдрэмж төрсөн бэ? гээд зөрүүлээд асуулт тавьсан юм. Ямар ч эргэлзэх зүйлгүйгээр би “Жавар үгүй цэцэгсийн урлан” гэж хариуллаа. Хүйтний жавар, үгийн жавар, үйлдлийн жавар энэ урланд алга. Үнэхээр үүднээс орж ирэхэд л тэр бүх жавар хаалганы ард хоцордог мэт санагдлаа. Л.Ганцэцэг эгч, " Тийм ээ, та бүхний мэдэрч байгаа бүхэн манай урлангийн онцлог шүү дээ" гэсэн юм. "Сарнайх" цэцэгсийн урлангаар үйлчлүүлж буй хүн бүр өөр өөр нандин мэдрэмжийг мэдэрдэг байх нь. Ийнхүү бид яриагаа цааш үргэлжлүүллээ.
-Цэцгийн боодолд их учир байх шиг байна. Цэцгээсээ илүү боодол нь анхаарал татдаг болсон...
-Бэлэглэж байгаа зүйл нь цэцэг. Олон өнгийн цаас биш шүү дээ. Бид анх байгалийн юм байгалиараа гээд навчаар нь боодог байсан. Ү.Сарнай эгч анх навчаар боохыг зааж өгч байлаа. Орчин үед баглаа боодолд их анхаарал хандуулдаг болжээ. Үйлчлүүлэгч хамгийн чухал. Тиймээс үйлчлүүлэгчдийн хүссэн өнгийн цаас, туузаар боож өгдөг. Харин сонгосон цэцэгтэй нь боодол нь тохирохгүй бол ярилцаж байгаад шийддэг.
-Таныхаар хамгийн сэтгэл татам цэцэг ?
-FRIZYA Фризъяа. Маш гоё үнэртэй.
-Хамгийн их борлуулагддаг цэцэг мэдээж сарнай байх. Харин борлуулалт багатай цэцэг бий юү?
-Тийм ээ. Сарнайг хүмүүс их сонгодог. Тэр дундаа Оросууд баяр ёслолоор их авдаг. Харин Удвал цэцгийг манай цэцгийн дэлгүүрээс маш бага авдаг. Бусад дэлгүүрт хэрхэн борлуулагддагийг мэдэхгүй байна. Учир нь Солонгосчууд цагаан удвал цэцгийг оршуулгад хэрэглэдэг юм билээ.
-Та мэргэжлээрээ ажиллаж байсан уу?
-Би казахын гар урлалын чиглэлээр жуулчдад зориулсан бэлэг дурсгалын газар ажиллаж байсан. Улирлын чанартай байдаг л даа. Яг жуулчид багассан үед энд ажиллах санал ирсэн юм. Тэгээд л тэр чигтээ цэцэгтэйгээ нөхөрлөөд явж байна.
-Цэцгийг яаж арчлах талаар уншигчдад зөвлөгөө өгнө үү? Бидний мэдэхээр цэцгээ гэртээ аваачаад усанд хийгээд л тавьчихдаг шүү дээ.
-Гэртээ очоод шууд карантны усанд хийж болохгүй. Хатуулаг ихтэй байдаг учир тэжээл хийж зөөлрүүлсний дараа цэцгээ хийх хэрэгтэй. Цэцгээ хийхдээ ишийг нь ташуу хайчлах хэрэгтэй л дээ. Манайх цэцгээ өгөхдөө агаар бага ууна гээд тэгшхэн хайчлаад өгдөг юм. Мөн ус руугаа тэжээл хийхэд цэцэг удаан амьдардаг. Ер нь бол өдөр өдөртөө усаа солиод, ишийг нь тайраад байхад харьцангуй удаан амьдарна. Цэцэг арчилдаг хүмүүс янз янз бий. Тухайлбал, Манайхаас нэг эгч Цахирмаа авсан юм. Хоёр сарын дараа “танайхаас авсан цахирмааг ургуулчихсан” гээд ирж байсан. Бурхандаа өргөдөг усан тахилынхаа усаар усалдаг байсан юм билээ. Тэгэхээр ус чухал нөлөөтэй байгаа юм.
-Цэцэгс дунд байхаар байгальд байгаа юм шиг л байдаг байх даа ? Миний хувьд цэцэг үнэрлэхэд цэвэр агаар амьсгалж байгаа мэт л санагддаг.
-Тэгэлгүй яах вэ. Цэцгийн үнэр их сайхан. Нэг удаа миний зүрх өвдөж байгаа мэт санагдаад. Тэгэхээр нь эмнэлэгт зүрхээ үзүүлтэл эмч “хамгийн эрүүл зүрхтэй хүн байна” гэж билээ. Түүнээс хойш зүрх өвдөх нь гайгүй. Цэцгийн үнэрт хүн эрүүлждэг гэдэг. Энэ үнэний ортой байх. Мөн Солонгос улсад цэцгийн дэлгүүрт охидуудаа ажиллуулбал хөөрхөн болдог гэж үздэг гэнэ. Тийм ч учраас охидуудаа ажиллуулах дуртай байдаг гэсэн.
-Ярилцсанд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье
-Маш их баярлалаа.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (6544)