Бид өөрийн уламжлалт ардын дуу, уртын дууг сонсохгүй,үзэхгүйгээр бусдын юмыг үнэлэх боломжгүй. Тийм учраас ардын болоод уртын дуугаа сонсох чадвартай болсон цагт орчин цагийн рок поп хөгжмийг мэдрэх үнэлэмж бий болно хэмээн МУ-ых хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров онцгойлон хэлж байсан.
Улс орон болгон өөрийн гэсэн ардын дуутай байдаг ч, манай уртын, ардын дуу шиг ханагар сайхан, дуучдаас хоолойны өндөр цараа шаардсан, зохиомж хийц нь өвөрмөц ийм уран бүтээл Монголоос өөр улсад байхгүй болов уу. Монголын тал нутаг, байгаль, нүүдэлчин ахуй амьдрал, ёс заншилыг багтаасан энэ урлагийг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд Уртын дуучин МУ-ын СТА Д.Жавхаасайхан, Д.Үүрийнтуяа нар уран бүтээлээрээ хувь нэмрээ оруулсаар байна. Эрхэм 2 уран бүтээлч ӨӨШГӨӨ ЮУ ДАА хэмээх гэгэлгэн, санаашрангуй дарьганга ардын дуугаар үзэгчиддээ сар шинийн бэлэг барьлаа.
Тал нутгийн хаа нэгтээгээс хүлэг морь үүрсэж, гэрэлт наран мэлтийн мандаж, сэтгэл юуг гэгэлзүүлсэн аялгуу салхи мэт мэдрэгдэнэ.
…Уужных нь хажлага угалзтай яа хө
Унжуурга бэл нь сүйхтэй яа хө
Зурмал луужин гуталтай яа хө
Зургийн хуар шиг өөшгөө юу даа хө…
Энэ ардын дууг сонсохоор сэтгэл хөглөгдөн хэн нэгнийгээ санан бодолд автан санааширмаар аялгуулаг уянга мэдрэгдлээ. Зураг авалтыг өвсөн толгой өдөржин найгасан, адуун сүргийн диваажин дарьганга нутагт авсан нь энэ дууг улам сүнслэг, амьтай болгосон мэт.
Хийж байгаа уран бүтээл нь судалгаатай, чансаатай болдог нь эзэмшсэн мэргэжлээ хүндэлдэг, хайрладаг, тэрэндээ сэтгэлээ зориулж чаддаг уран бүтээлчид гэдгээ дахин харууллаа.
…Шүрэн мөнгөн хавчаартай яа хө
Сэвлэг сувдан даруулгатай яа хө
Шинэхнэ гэрийн галыг асаасан
Сэргэлэн цэмцгэр өөшгөө юу даа хө…
Сэтгэгдэл (1)