Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-ын прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн арга хэмжээнд тус улсын Ерөнхий прокурор Игорь Викторович Красновын урилгаар оролцлоо.
Ойн арга хэмжээний хүрээнд ОХУ-ын Ерөнхий прокурор Игорь Викторович Краснов Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад тус улсын ерөнхий прокурорын газрын удирдах бүрэлдэхүүн оролцож, эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх, прокурорын хяналтын ажлын чиглэлээр харилцан туршлага солилцох зэрэг асуудлаар тодорхой санал солилцож, хоёр улсын прокурорын байгууллага хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр үр дүнтэй хэрэгжиж байгааг сайшаан тэмдэглэлээ.
Монгол Улс нь ОХУ-тай 3,5 мянган километр хилийн шугамаар холбогдож байдаг тул хил орчмын прокурорын газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хилийн бүс нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, шийдвэрлэхэд чухал нөлөөтэй болохыг онцлов.
Дэлхий нийтийн даяаршлын энэ цаг үед үндэстэн дамнасан, зохион байгуулалттай, цахим гэмт хэрэг, хууль бус криптовалютын наймаа, мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, насанд хүрээгүй хүүхдийн эрх, ашиг сонирхлыг зөрчихтэй тэмцэхэд хоёр улсын прокурорын байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг ерөнхий прокурорууд онцолж, саналаа илэрхийллээ.
Мөн Монгол Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан ойн арга хэмжээний хүрээнд болсон гадаад улсуудын ерөнхий прокуроруудын баярын уулзалтад ОХУ-ын Ерөнхий прокурорын урилгаар, Азийн бүсийн орнуудын прокурорын байгууллагуудын хүндэт зочдыг төлөөлөн баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрээр “хоёр улсын прокурорын байгууллага хоорондын ажил хэрэгч, нөхөрсөг, хамтын ажиллагаа нь Монгол, Оросын ард түмний найрсаг харилцааны нэгэн илэрхийлэл болж, өргөжин хөгжиж байна. Прокурорын байгууллага өөрийн үндсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улс орныхоо ашиг сонирхол, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг хангах, хууль ёсыг сахиулах, шударга ёсыг тогтооход голлох үүрэг гүйцэтгэж, даяаршлын энэ үед улс, үндэстэн бүрийн өмнө тулгарч буй сорилт, бэрхшээлийг даван туулах, ялангуяа олон улсын аюулгүй байдал, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй амжилттай тэмцэхэд бидний нягт хамтын ажиллагаа чухал байгааг” онцлон тэмдэглэв.
ОХУ-ын Прокурорын байгууллага байгуулагдсаны 300 жилийн ойн баярт зориулсан хүндэтгэлийн концерт.