Банкны тухай хуулийн 36.15 дахь хэсэгт “Банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно” гэж заасан байдаг. Харин банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч гэдгийг “Банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшиж байгаа этгээд, тэдгээрийн эцсийн өмчлөгч хүн, эсхүл банкны бодлого, шийдвэр болон удирдлагад нөлөөлөхүйц хувьцаа эзэмшигч, түүний эцсийн өмчлөгч хүнийг” хэлнэ гэж тодорхойлсон байдаг. Харамсалтай, бас хачирхалтай нь Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн энэ заалтыг ноцтой зөрчсөн гэрээ хэлцэл Монголд үйл ажиллагаа явуулдаг хоёр том арилжааны банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигчдийн хооронд явагдсан байж болзошгүй тухай ноцтой мэдээллийг eguur.mn сайт, сэтгүүлч Ж.Мядагбадам өчигдөр ил болголоо.
Түүний дэлгэсэн баримтаас үзвэл Монгол Улс даяар 537 салбар нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулдаг үндэсний хэмжээний тэргүүлэгч арилуааны банк Хаан банкийн хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК хувьцааныхаа 32 хувийг “Мета капитал” ХХК, “Упсилон” ХХН зарах гэрээ хэлцэл явагдаж байгаа юм байна. 2020 оны эхний хагасын мэдээллээр ХААН банкны хувьцаа эзэмшигчдийн хувийг дараах зургаар үзүүлэв.
Энэ гэрээ хэлцлийн хамгийн ноцтой нэгэн зүйл нь ХААН банкийн хувьцааны арилжаанд оролцож байгаа Япон улсад бүртгэлтэй “Мета капитал” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болох “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК-ийн хувьцааг худалдан авч, тус банкны хувьцаа эзэмшигч болсон байдаг юм байна. ХААН банкны хувьцааны арилжаанд оролцож байгаа “Мета капитал”-ын эзэмшдэг “Юнайтедбэнкинг корпорэйшн” ХХК нь Худалдаа хөгжлийн банкны 31 хувийн хувьцаа эзэмшигч. Энэ нь дээр дурдсан Банкны тухай хуулийн 36.15-ыг ноцтой зөрчиж байгаа юм.
ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК-ийн хувьд Монголбанкнаас зөвшөөрөл хүсэхдээ арилжаанд оролцогч тал нь Худалдаа хөгжлийн банкны хувьцаа эзэмшигч гэдгийг мэдүүлээгүйгээрээ Монгол Улсын хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. “Савада Холдингс” ХК нь 2019 оны арваннэгдүгээр сард хувьцаагаа арилжихдаа мөн л ийм ноцтой зөрчил гаргаж байсан юм. Тус компани нь өөрийн эзэмшлийн 27.8 хувийг Япон улсад бүртгэлтэй “Tower invenstment management” гэх компанид Монголбанкинд урьдчилан мэдэгдэлгүйгээр зарж байв.
Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны хувьцаа эзэмшигч хувьцаагаа зарах бол эхлээд заавал Монголбанкинд мэдэгдэх ёстой байдаг ч “Савада Холдингс” ХК Япон улсын хуулийн дагуу тус улсын Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан тохиолдолд эцсийн худалдан авагчаа ил болгохгүй байж болно гэсэн албан бичгийг Монголбанкинд хүргүүлж байлаа. “Савада Холдингс”-ийн энэ тайлбарыг Монголбанк хангалтгүй гэж үзэн зөрчлийн хэрэг нээлгүүлж, улмаар прокурорт шилжүүлж байсан юм. Энэ хэрэгтэй холбоотойгоор ХААН банкны “Савада Холдингс” ХК-ийг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүн Ёшиаки Мишимагийн мэдүүлэг ч байдаг билээ.
ХААН банкны хувьцаа зарах эл асуудал хувьцаа эзэмшигчдийн дунд ч нэлээд маргаан дагуулж байсан юм. Тус банкны бас нэгэн томоохон хувьцаа эзэмшигч Ц.Баатарсайхан нар “Савада Холдингс”-ийн энэхүү арилжаанд таагүй хандаж байсан.
“Савада Холдинг” ХК-ийн хувьд хувьцаагаа зарах асуудалд Монголбанкнаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэсэн байр суурьтай байсныг нь ХААН банкны 22.96 хувийн хувьцааг эзэмшдэг “Таванбогд трэйд” ХХК-ийн удирдлагуудад хүргүүлсэн тайлбараас нь харагддаг. Тэр тайлбарт нь, ““Савада Холдингс” ХК Токиогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, хувьцааг нь 6820 хүн эзэмшдэг компани. Тус компанийн гол хувьцаа эзэмшигч буюу 29 хувийн хувьцаа эзэмшигч нь Хэдэра Савада, мөн тус компанийн 54 хувийг Хидео Савада найз нарын хамт эзэмшдэг. Иймд “Савада Холдингс” ХК-ийн гол хувьцаа эзэмшигч нь Хидео Савада. Тэгэхээр Савада тус компанийн хувьцаа эзэмшигч нар өөрийн доторхи хувьцааг зарах асуудал яригдаж байгаа. Бид Хаан банкны хувьцааг зарах гэж байгаа асуудал биш” гэсэн байдаг юм. Ерөнхийдөө энэ бүхнээс харахад Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг, Монгол Улсад бүртгэлтэй арилжааны хамгийн том банк болох ХААН банкны хамгийн том хувьцаа эзэмшигч “Савада Холдингс” ХК нь Монголын хууль, дүрэм журмыг үл тоон хувьцаагаа арилжаалж байжээ.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (5)