Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийн улс орнууд ард иргэдээ коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамруулсаар ирсэн. Тэгвэл одоо үед вакцин хийлгээгүй өөрөөр хэлбэл дархлаа тогтоогүй хүмүүсийн ихэнх хувийг 11 наснаас доош насны хүүхдүүд бүрдүүлж байна. Вакцинд хамрагдаагүй тул бага насны хүүхдүүд коронавирусээр хүндээр өвдөх хамгийн өндөр магадлалтай гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор улс орнууд 5-11 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөж эхлээд байна.
Бага насны хүүхдүүдэд насанд хүрсэн хүнд тарьдаг хэмжээг гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний вакциныг тарих бөгөөд хоёр дахь тундаа хорин нэг хоногийн дараа хамрагдах боломжтой юм. Хүн төрөлхтөн буцаж хэвийн амьдралдаа бүрэн шилжихийн тулд тэдгээр насны хүүхдүүдийг зайлшгүй вакцинд хамруулах шаардлагатай хэмээн улс орнууд үзэж байгаа аж. Мөн хүйтний улирал наашилж буйтай холбоотойгоор вакцинд хамрагдаагүй хүүхдүүд коронавирусын халдвар авах юм бол тэдний хүндээр өвдөх магадлал ихсэх тухай эрдэмтэд анхааруулга өгсөөр байна.
М.Тамир