Хутгатай этгээд Токиогийн метронд оргил цагаар хүмүүс рүү дайрч, 17 хүнийг шархдуулсан хэрэг өнөөдөр гарлаа. Цагдаа нар гэмт этгээдийг баривчилсан байна. Хэрэгтэн этгээд 24 настай, хэрэг үйлдэх үедээ хурц ногоон өнгийн костюм, Бэтмэн комиксийн Жокерын дүртэй төстэй баг өмссөн байжээ.
Тэрээр хүмүүс рүү хүйтэн мэсээр халдаад зогсоогүй ойролцоо байсан галт тэрэг рүү шатамхай шингэн цацаж, шатаажээ. Хэрэг Токиогийн Кокүрёо дүүргийн орчимд өчигдөр 20.00 цагийн орчимд гарсан бөгөөд тухайн үед хэрэг гарсан газарт Хэллоуины баярыг тохиолдуулан янз бүрийн баг өмссөн хүмүүс ихээр зорчиж байсан гэнэ. Интернэтэд тавигдсан видеонд хүмүүс галаас зугтан галт тэрэгний цонхоор үсэрч байгаа нь тод бичигдэж үлджээ. Интернэтэд тавигдсан бичлэгүүдийн нэгийг хийсэн Шюнсуке Кимура NHK телевизэд ярилцлага өгөхдөө нүднийх нь өмнө болж өнгөрсөн үйл явдлыг “Аймшигтай” гэж тодорхойлоод “Галт тэрэг ослын зогсолт хийсэн. Яг юу болоод байгааг бид сайн ойлгоогүй ч галт тэрэгнээс гарахын түүс болцгоосон. Хаалга хаалттай байсан болохоор бүгд цонх руу тэмүүлж байлаа” хэмээн ярьжээ. Харин гэмт хэргийг үйлдсэн этгээд “Цаазын ял авахын тулд хүмүүсийг алахыг хүссэн” гэсэн мэдүүлэг өгчээ.
Япон улсад иймэрхүү хүчирхийллийн хэрэг ховор гардаг. Гэхдээ хүйтэн мэс ашиглан олон хүн рүү халдсан хэрэг сүүлийн жилүүдэд хэд, хэд гарлаа. Өнгөрсөн наймдугаар сард Токио хотын цахилгаан галт тэргэнд хутгатай этгээд 10 хүнийг шархдуулсан бол 2019 онд Кавасаки дүүрэгт хутгатай этгээд сургуулийн автобус хүлээж байсан хүүхдүүд рүү халдаж, хоёр хүүхдийг хөнөөн 18-ыг шархдуулж байсан юм.