АНУ холбоотон болон түнш орнуудынхаа хамтаар Умард Солонгосын пуужингийн сүүлийн туршилттай холбоотой мэдээллийг судалж, нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаагаа мэдэгдэж байна. Америкийн тал Пёньяны үйлдлийг “цэргийн хөтөлбөрүүдээ хөгжүүлэхэд төвлөрсөн хэвээр байгааг гэрчилж байна” хэмээн тодорхойлжээ. Мөн Умард Солонгосын зүгээс “хөрш орнууд болоод олон улсын хамтын нийгэмлэгийнхэнд аюул заналхийлэл учирсан хэвээр байгааг харуулж байна” хэмээн үзэв.
Энэ тухай Америкийн Зэвсэгт хүчний Энэтхэг, Номхон далайн командлалын газрын мэдэгдэлд тэмдэглэсэн байгааг хэвлэлүүд дамжуулж байна. Мөн энэ мэдэгдэлд АНУ БНСУ, Японыг тууштайгаар хамгаалах болно гэдгээ баталсан байна. Мөн өчигдөр Японы хэвлэлүүдийн мэдээлснээр тус улсын Батлан хамгаалах яамныхан Умардын туршилтын талаар мэдээллүүдийг цуглуулж дүн шинжилгээ хийж байгаа аж.
Одоогоор Умардын пуужингууд Японы харьяа ус, эдийн засгийн онцгой бүсэд унах магадлал үүсээгүй гэдгийг баттай хэлж чадахаар байгаагаа Батлан хамгаалах яамны эх сурвалжууд нь мэдэгдсэнийг “Эн Эйч Кэй” дамжуулсан байна.
Үүний зэрэгцээ Умард Солонгосын далавчит пуужингуудын тухай мэдээлэл баллистик пуужингуудынхтай нь харьцуулахад маш бага учир тодорхой дүгнэлт өгөхөд хүндрэлтэй байгааг Японы Батлан хамгаалах яамны нисэх хүчний командлагч асан Тошимичи Нагаива илэрхийлснийг Эн Эйч Кэй дамжуулсан юм. Гэхдээ Нагаива Пёньяны энэ удаад харвасан далавчит пуужингууд нь маш бага өндөрт нисч 1500 орчим км-ийн зайд орших байнуудыг устгах чадалтай учир бодит аюул заналхийлэл учруулж, дайрах, давших зорилгоор ашиглагдах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. 1500 км-т тусна гэдэг нь Токио хотод хүрч, стратегийн чухал байнуудыг устгах чадалтай гэсэн үг болохыг тэрбээр нэмж хэлснийг Японы хэвлэлүүд иш татан онцолж байна.
Энэ сарын 11-12-нд алсын тусгалтай далавчит шинэ пуужингуудыг тус улс амжилттай туршсаныг Умард Солонгосын цахилгаан мэдээний агентлаг өчигдөр зарласан юм. Мөн пуужингууд 1500 км-ийн алсад орших байнуудыг устгаж чадсаныг, техникийн үзүүлэлтүүд нь төслийн шаардлагуудыг хангаж чадсаныг ч мэдээлсэн.