ОУОХ, ОУПХ, “Токио-2020” наадмыг зохион байгуулах хороо, Токио хотын захиргаа, Японы Засгийн газрын хамтарсан уулзалтаар ирэх долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд Токио хотноо болох Зуны олимпийн XXXII наадмын уралдаан тэмцээнд улсынхаа үзэгчдийг оруулах талаар хэлэлцэн, эцэслэн шийдвэрлэсэн байна. Урьд өмнө байгаагүйгээр өргөн бүрэлдэхүүнтэйгээр хуралдсан таван талт уулзалтаас олимпийн уралдаан, тэмцээний цэнгэлдэх, спортын ордны 50 хувийн дүүргэлттэй, нийт үзэгчийн тоо дээд тал нь 10000 байхаар тогтжээ.
Мөн үүнтэй зэрэгцэн Японы тал үзэгчдийн аюулгүй байдал, халдвар хамгаалалтыг дээд зэргээр хангах тусгай журмыг боловсруулсан байна. Тодруулбал, бүх үзэгч амны хаалттай байх, хүн хоорондын зай барих, чанга дуугаар хашгирч, орилохгүй байх зэрэг нарийвчилсан олон заалтыг тусгасан байна.