Европын холбооны гишүүн 27 улсын Элчин сайд нар өнгөрсөн долоо хоногт цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтын журмыг сулруулж, вакцины бүрэн тундаа хамрагдсан жуулчдад хилээ нээх шийдвэрээ танилцуулан жуулчин хүлээн авах журмаа баталсан байна. Ингэхдээ зөвхөн “Ковид-19”-ийн халдварын тархалт буурч буй, коронавирусний мутацлагдсан хувилбар бүртгэгдээгүй орноос ирсэн, вакцины бүрэн тундаа хамрагдсан хүмүүсийг хүлээн авахаа зарласан юм.
Европын Комиссын хэвлэлийн төлөөлөгч Кристиан Вигандын мэдэгдсэнээр, Европын гишүүн улс Европын эмийн агентлагаас зөвшөөрсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлэх шийдвэрийг гаргасан гэдгээ зарлалаа. Харин ОХУ, БНХАУ-ын вакцин тариулсан иргэд Европын холбооны орнуудад одоогоор зорчих боломжгүй болж байна. Тодруулбал, Европын холбоо АНУ-ын “Pfizer/BioNTech”, “Moderna”, “Johnson & Johnson” болон Их Британийн “AstraZeneca” вакцинд зөвшөөрөл олгоод байгаа ба эдгээрийг тариулсан жуулчдыг Европын улс руу нэвтрүүлэхээр болжээ.
Монгол Улсын хувьд иргэдийн дийлэнх нь “Sinopharm”-ийн вакцинд хамрагдсан билээ. Тиймээс Европын холбооны улс руу зорчих эсэх нь эргэлзээтэй үлдэж байна. Хятадын "Sinopharm" компанийн “Вероцелл” вакциныг дэлхийн 42 улс хэрэглэж байгаа бол ОХУ-ын "Sputnik V" вакциныг дэлхийн 60 орчим улс бүртгэн, иргэдээ вакцинжуулж байгаа юм.
Сэтгэгдэл (2)