2021 оны тавдугаар сарын 26-ны өдөр буюу маргааш сар бүтэн хиртэх аж. Энэ талаар Одон орон, геофизикийн хүрээлэнгийн доктор Д.Батмөнх “Сар дэлхийг тойрон эргэх замдаа дэлхийн сүүдэрт орвол сар хиртэх үзэгдэл ажиглагдана. Сарны хиртэлт зөвхөн сар бүтэн тэргэл болох үед л бидэнд ажиглагддаг. Сарны хиртлийг бүтэн, хагас, хагас сүүдрийн гэж ангилж үздэг бөгөөд тодруулбал, сар бүхлээрээ дэлхийн сүүдэр орох үед болж буй хиртлийг сарны бүтэн хиртэлт гэнэ” гэлээ.
Монгол орны нутаг дэвсгэрт сарын хиртэлт ажиглагдахдаа сар ургах үед л хиртэлт эхэлсэн байх бөгөөд 21.51.02 цагт дуусах аж.
Мөн маргааш болох сарны бүтэн хиртэлт Зүүн Ази, Австрали, Номхон далай, Америк тивийн баруун хэсгээр ажиглагдах бөгөөд бүтэн хиртэлтийн хугацаа 15 минут, нийт үргэлжлэх хугацаа гурван цаг долоон минут байх аж. Мөн дараагийн сарны хиртэлт 2021 оны арваннэгдүгээр сарын 19-нд болох ба тэр үед сар хагас хиртэх юм байна.