Сураггүй алга болсон хүүхдүүдийн олон улсын өдрийг дэлхий даяар жил бүр тавдугаар сарын 25-ны өдөр тэмдэглэдэг. Ор сураггүй алга болсон хүүхдийн асуудалд тусгай өдөр зориулах санаачилга анх АНУ-д гарчээ. Учир нь, 1979 оны тавдугаар сарын 25-ны өдөр зургаан настай Эвиан Пейтс хүү сургуулиасаа гэртээ харих замдаа сураггүй алга болж өнөөг хүртэл олдоогүй юм. Хүү алга болсноос хойш дөрвөн жилийн дараа буюу 1983 онд АНУ-ын Ерөнхийлөгч Роналд Рейган тавдугаар сарын 25-ны өдрийг Сураггүй алга болсон хүүхдүүдийн үндэсний өдөр болгон зарласан түүхтэй.
1998 онд Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийн санаачилгаар Сураггүй алга болсон хүүхдүүдийн эрэн хайх төвүүдийн дэлхийн сүлжээ гэх олон хэл дээрх мэдээллийн сантай болж, үүнд дэлхий даяар сураггүй алга болсон хүүхдүүдийн мэдээлэл болон гэрэл зургийг байршуулдаг болсон юм. Өнөөдрийн байдлаар тус сүлжээнд 29 улс орон нэгдэн ороод байна.
Сураггүй алга болсон болон мөлжлөгт өртсөн хүүхдүүдийг эрэн хайх олон улсын төвийн мэдээллээр, жил бүр Австралид 25 мянган хүүхэд ор сураггүй алга болдог бол Бразилд 40 мянга, Канад 42 мянга гаруй, Энэтхэг 96 мянга, Европт хэдэн зуун мянга, Испанид 33 мянга, Их Британид 80 мянга, АНУ-д 420 мянган балчир үр ор сураггүй алга болдог байна.