Мьянмарын төрийн эрхийг цэргийн хүчээр булаан авсан армийнхан 23184 хоригдолд өршөөл үзүүлэн шоронгоос суллажээ. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн дунд жагсаалын үеэр баривчилсан ардчиллыг дэмжигч залуусаас цөөхөн нь багтжээ.
Мьянмарчууд жил бүрийн дөрөвдүгээр сарын дунд үед Тинян наадам буюу үндэсний шинэ жилийн баяраа тав хоногийн турш тэмдэглэдэг билээ. Баярын сүүлчийн өдрийг мьянмарчууд буддын сүмд очин мөргөл үйлдэж, гудамжинд бие биеэ усаар угааж, усаар байлддаг ба ингэснээрээ өнгөрсөн оны муу муухай бүхнээ цэвэрлэн, муу бүхнээс ангижирдаг хэмээн үздэгтэй холбоотой аж.
Шоронгийн төлөөлөгч Кьяв Тун Үү “Шинэ жилээр өршөөл үзүүлж буй хүмүүсийн дийлэнх нь хувьсгалт тэмцэл өрнөхөөс өмнө баривчилж, ял эдэлж байсан хоригдлууд юм. Гэхдээ ардчиллын төлөөх жагсаалын үеэр баривчилсан цөөн хэдэн хүнийг бас суллаж байгаа” хэмээн ярьжээ.