АНУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчууд гаднын халдлагад эхнээсээ өртөн, гэрээсээ ч чөлөөтэй гарч чадахгүй, хүүхдүүдээ ч гудамжинд гаргахаас эмээн айдастай амьдарч байгаа талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Чикагод гэхэд л 50 гаруй монгол хүн их, бага хэмжээгээр халдлагад өртөн, азаар эрүүл мэнд, амь насанд нь хүрэх хэмжээний гэмтэл аваагүйг ч дуулгаж байв.
Харамсалтай нь, анхааруулж, сэрэмжлүүлсээр атал монгол залуу халдлагад өртөн, хөлөндөө буудуулан хүндээр гэмтсэн явдал гарлаа. Тодруулбал, АНУ-ын Чикаго хотод амьдардаг монгол залуу гудамжинд явж байхдаа азиудыг ялгаварлан гадуурхагчдын халдлагад өртөн хүнд гэмтэл авч эмнэлэгт хүргэгдсэн байна. Тэрбээр баруун гуяндаа буудуулж, эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн бөгөөд их хэмжээний цус алдсан учраас яаралтай цус сэлбэх шаардлагатай болсон аж. Харин тус хотод оршин суугаа элэг нэгтнүүд болох монголчууд маань цусаа яаралтай хандивласнаар амь насыг нь аварч чадсан ч одоогоор биеийн байдал нь хүнд байгаа аж.
Тус иргэнтэй АНУ дахь Монгол Улсын Элчин сайдын яам холбогдсон бөгөөд Чикаго дахь монголчууд анхаарал тавьж, тусалж байгаа аж. АНУ-д Монгол Улсын 30 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч тухай бид өмнө мэдээлж байсан. Харин Чикагод гэхэд л 5000-8000 монгол хүн ажилллаж, амьдардаг байна.
Дэлхий нийтэд ялангуяа ялгаварлан гадцуурхалтаараа дээгүүрт ордог АНУ-ын олон мужид ази хүмүүсийг гудамж талбай, үйлчилгээний газраар үйлчлүүлж байхад нь гэнэт биед халдаж, зодож, хүнд гэмтэл учруулах явдал давтагдан гарсаар байгаа юм. Харин тус улсад байгаа монголчуудын хийж чадах нь хот, мужаараа нэгдсэн группээрээ дамжуулан нэгэндээ сэрэмжлүүлж, анхааруулах, сэтгэлийн дэм өгөх аж. Өмнө дурдаж байсанчлан, Гадаад харилцааны яам энэ асуудалд онцгойлон анхаарч, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндэд санаа тавихгүй бол монгол хүн дахин ялгаварлан гадуурхалтад өртөн амиа алдах, гэмтэж, бэртэх явдал давтагдахвий гэсэн болгоомжлол байна.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)