Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах зарлигыг саяхан гаргасан. Энэ нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал юм. Гэвч цагаа олоогүй гэдгийг хэлэхийг хүслээ. Учир нь, дэлхий нийтэд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо өдрөөс өдөрт эрс нэмэгдэж, энэ нь түгшүүр төрүүлэх болсон. Үүнтэй зэрэгцэн азиудыг үзэн ядах давалгаа олон улсад өрнөөд байна. Арьс өнгөөр ялгаварлан гадуурхдагаараа дээгүүрт ордог АНУ-ын 50 мужид азиудын эсрэг гэмт хэрэг 150 хувиар өсч, 4000 гаруй ази хүн бие, махбодиороо хохирчээ.
АНУ-д 30 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдардаг. Харин тэд өнөөдөр гадагш гарахаасаа ч эмээж, гэртээ бүгж, хүүхдүүдээ ч гаргахгүй, айдас хүйдэстэй амьдрах болжээ. Ялангуяа орой үдшийн цагаар гэрээсээ хамраа ч цухуйлгахаа больсноо хэлж байна. Ухань хотоос үүсэлтэй коронавирусний халдварын улмаас азиудыг үзэн ядах сэтгэлгээ ийнхүү давамгайлж, үүнд монголчууд ч өртөж буй нь харамсалтай юм.
Өнөөдрийн байдлаар гэхэд л, албан бус мэдээгээр, 30 орчим монгол хүн ямар нэгэн байдлаар халдлагад өртсөнийг Чикагод суугаа эх сурвалж хэлж байна. Томоохон дэлгүүр, худалдааны төвөөр үйлчлүүлэхэд ялгаварлан гадуурхалт илтэд мэдрэгдэж, зарим зоогийн газар ази хүнд үйлчлэхгүй хэмээн дургүйцлээ шууд илэрхийлэх болжээ. Монголчуудын группт халдлагад өртлөө, хүүхдийг маань сургууль дээр нь зодчихлоо, гарвал бөөнөөрөө гараарай, ялангуяа эмэгтэйчүүд, охид ганцаараа битгий яваарай гэх сэрэмжлүүлэг, мэдээллээр дүүрсэн байна. Тэд нэг нэгэндээ ийн анхаарал тавихаас өөрөөр яаж ч чадахгүй суугаа аж. Ядаж л Монгол Улсаа төлөөлөн суугаа Элчин сайдтай байж, тэр нь өмгөөлж, хамгаална, Муугаар бодоход, элдэв халдлага, дайралтад өртлөө гэхэд хаана хандах вэ. Элчин сайдын яамандаа л хандана. Харин тэр нь эзэнгүй, толгойгүй байвал яах вэ. Наанатай, цаанатай энэ мэт олон асуудал байна, Ерөнхийлөгч өө.
Азаар, өнөөдрийн байдлаар монгол хүн томоохон халдлагад өртөн эрүүл мэнд, амь насаараа хохирсон мэдээлэл дуулдаагүй байна. Эсвэл бид мэдээгүй ч байж болох юм. Гэвч тайвширч болохгүй.
Гадаад харилцааны яамнаас эмзэг энэхүү асуудалд анхаарал хандуулж байгаа гэдэгт найдаж байна. Мөн энэ талын албаны мэдээллийг өгөхгүй бол Монголд байгаа эцэг, эх, ах дүү нь байнгын сэтгэл зовниж суугааг мөн дуулгая.
Ташрамд, азиудын эсрэг гадуурхал дан ганц АНУ-д тулгамдаж байгаа биш. Англи, Шинэ Зеланд, Австрали болон барууны бусад оронд азиудыг үзэн ядах хандлага огцом өсчээ. Тухайлбал, Английн цагдаагийн газрын мэдээлснээр, 2020 оны нэгдүгээр улиралд азиудыг үзэн ядах гэмт хэрэг 2018, 2019 оны мөн үетэй харьцуулбал 300 хувиар өссөн байна. Франц улсын иргэд ази, тэр дундаа хятад хүнд дургүй болсон гэсэн судалгаа гарсан бол Испанид амьдарч байгаа ази хүмүүсийн гурван хувь нь үзэн ядалтын гэмт хэргийн хохирогч болжээ.
У.Тэргэл
Сэтгэгдэл (8)