Дэлхийн Театрын өдөр өнөөдөр тохиож байна. 1962 оны гуравдугаар сарын 27-ны өдрийг "Дэлхийн театрын өдөр" хэмээн тунхагласнаас хойш 59 дэх жилдээ Театр урлагийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, үзэгч түмний баяр болон тэмдэглэж ирсэн уламжлалтай.
“Театр” хийгээд театрын урлаг бүхий л цаг үеийнхээ туршид хүн төрөлхтний оюун санааны эх булаг болон оршин тогтнож, амьдралын үнэ цэнэ, хүний мөн чанар, хөгжил дэвшлийн уриа цуурай, үнэн мөн, сайн сайхны мөнхийн дуулал болсоор байна.
Энэ өдөр бол дэлхийн өнцөг булан бүрд буй театрын урлагийн уран бүтээлчид хийгээд театрын урлагийн үнэнч үзэгч хэн бүхний баярын өдөр юм.
2021 оны “Дэлхийн театрын өдөр”-т зориулан тайз, дэлгэц, телевизийн жүжигчин Хелен МИРРЕН мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр “Амьд тоглолтоор үзэгчидтэйгээ уулздаг уран бүтээлчид, тайзны арын техникчид, зураач барималчдын хувьд маш хүнд хэцүү цаг үе тулгараад байгаа бөгөөд ялангуяа энэ эмзэг, баталгаагүй салбарын эмэгтэйчүүд нэн хүнд үеийг туулж байна.
Байнга оршин байсан баталгаагүй байдал нь тэднийг хурц ухаан, урам зоригийнхоо хүчээр цар тахлын энэ үеийг даван туулах илүү чадвартай болгосон ч байж болох юм.
Энэ танил бус нөхцөл байдалд, илүү шинийг эрэлхийлэн, сэтгэл сэргээхээр өргөн хүрээнд харилцах арга замуудыг нээн уран төсөөлөлөө тэд бодит үзэгдэл болгосон ба интернетийн ач тус их байсан байсан нь мэдээж.
Энэ дэлхий дээр хүмүүс оршин байгаа цагт бие биедээ үүх түүхээ ярьсаар байх болно. Бид энд байгаа цагт театрын гайхамшигт соёл оршин байсаар байх болно.
Зохиолчид, дизайнерууд, бүжигчид, дуучид, жүжигчид, хөгжимчид, найруулагч нарын бүтээлч хүсэл тэмүүлэл хэзээ ч боомилогдохгүй ба тун удахгүй шинэ эрч хүч, оршин буй дэлхий ертөнцөө илүүтэй таньж ухаарсан шинэ ойлголт оргилон гарч ирэх болно.
Тэр цагийг би тэсэн ядан хүлээж байна!” хэмээн баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Р.Алтан