ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхныг хүртэл коронавирусний эсрэг вакцин хийлгэхгүй байгаад дэлхийн олон улс гайхаж, хүчтэй шүүмжилж байв. Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин гуравдугаар сарын 23-ны өдөр вакцины эхний тунгаа тариулжээ. Гэвч Кремлийн зүгээс Путинд хийсэн вакцины нэрийг нууцлан, Орост бүтээсэн вакцин гэдгээс өөрийг хэлээгүй байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгчийн хийлгэсэн вакцины нэрийг зарлахгүй. ОХУ-д бүтээсэн гурван вакцин гурвуулаа маш найдвартай, өндөр үр дүнтэй. Тэгээд ч В.Путин бусад орны удирдагчид шиг камерын өмнө вакцин хийлгэх нь дэмий зүйл хэмээн үзэж, үзэгчгүйгээр вакцин тариулсан" гэж мэдэгдлээ. Иргэд В.Путинээс яагаад өдийг хүртэл вакцин тариулахгүй байгааг удаа дараа сонирхоход тэрбээр “Спутник-V” вакциныг миний насныханд төдийлөн тохирохгүй гэж эмч нар зөвлөж буй. Тэгээд ч ээлж дараагаараа яваа. Миний тариулах цаг арай болоогүй байна” хэмээж байв.
ОХУ дотооддоо гурван ч төрлийн вакциныг боловсруулан үйлдвэрлэн иргэдээ хамруулж эхэлсэн ч өнөөдрийн байдлаар маш бага хурдаар, тодруулбал, 146 сая иргэний ердөө 4.3 хувийг вакцинжуулалтад хамруулаад байгаа аж.
Сэтгэгдэл (1)