Хойд Солонгосын мэдээллийн вэб сайтад Өмнөдийн К-поп оддыг “гаргаж ирсэн компаниуд нь боол шиг байлгаж, зовлонтой амьдардаг” гэж мэдээлжээ. БНАСАУ-ын суртал ухуулгын “Ариранг-Меари” вэб сайтад энэ сарын 13-нд “Том компаниудын эзэсмшдэг Өмнөд Солонгосын залуу дуучид” гарчигтай нийтлэл тавигджээ. Уг нийтлэлд к-поп дуучдыг залуу дуучид хэмээн нэрлээд, BTS болон Blackpink хамтлагийг жишээ болгон дурдаад к-поп оддыг SM Entertainment зэрэг компаниудтай эртнээс гэрээ хийн, поп од болох боловсрол эзэмшдэг гэжээ. Мөн оддыг бэлддэг компаниуд нь залуу уран бүтээлчдийг гадаад ертөнцөөс тусгаарлаж, хатуу сургалтанд хамруулан өдөрт 2-3 цаг л унтаж амрах боломж олгодог гэхчилэн бичсэн байна. Цаашилбал компаниуд дуучдын орлогын ихэнхийг нь сургах нэрээр ашиглан боолчилдог гэхчилэн бичсэн байна.
Залуу эмэгтэй дуучид улс төрчид, дарга нарын бэлгийн дур хүслийг хангахаас өөр аргагүй байдалд орж, сэтгэл санаа бие махбодийн хувьд шаналж, шоронд хоригдож буйгаас ялгаагүй амьдардаг. Зарим нь энэ байдлыг тэвчиж чадахгүйн улмаас тэмдэглэл бичиж үлдээн амиа хорлодог гэхчилэн “сурталчилжээ”.
Хойд Солонгосын суртал ухуулгын мэдээллийн гол вэб сайт яагаад ийм утгатай мэдээлэл бэлдэж, дэлхий дахинд алдаршсан BTS, Blackpink хамтлагийн нэрийг дурдах болов гэдэг нь сонин. Тэгвэл Умардынхны ингэж суртал ухуулга хийж буй нь улсынхаа иргэдийг к-поп урлагт дурлах, алдартай залуу дуучдыг тахин шүтэх вий гэсэн айдсаас үүдэн ийнхүү гутаасан худал мэдээлэл нийтэлж байгаа бололтой гэж БНСУ-ын NK Economy мэдээллийн агентлагийн нийтлэлд дурджээ.
Б.Жаргал