Сирийн Ерөнхийлөгч Башар ал-Асад, тэргүүн хатагтай Асма нарын Ковид-19-ийн шинжилгээний хариу эерэг гарчээ. Энэ талаар ерөнхийлөгчийн албанаас мэдээллэв.
Цар тахлын халдвар авсан ч Ерөнхийлөгч Ассадын биеийн байдал тогтвортой байгаа бөгөөд 2-3 долоо хоног тусгаарлагдан эмчлүүлэх аж. Тэргүүн хатагтай Асмагийн биеийн байдлын талаар Ерөнхийлөгчийн албанаас тодорхой мэдэгдээгүй байна. Тэргүүн хатагтай иргэний дайны туршид Ассадын талд байсан, ард түмэндээ нэр хүндтэй эмэгтэй. Их Британид төрсөн тэрээр 2018 онд хөхний хорт хавдартай нь тогтоогдож, эмчлүүлж байжээ.
Сири улсад Ковид-19 цар тахлын халдварын 45879 тохиолдол бүртгэгдэж, 2023 хүн нас барсан гэж тус улсын ЭМЯ-наас мэдээлжээ. Дамаск энэ сарын 1-нд Ковид-19 цар тахлын эсрэг вакцины анхны тусламжийг нэр нь үл мэдэгдэх “найрсаг” орнсоо авсан тухай Сирийн төрийн мэдлийн мэдээллийн агентлаг дамжуулсан юм. Сири дэх босогчдын хяналтад байгаа, курдуудын хяналтад буй газруудад Ковид-19-ийн эсрэг вакцин хүрч амжаагүй байгаа учир ЭМЯ-ны мэдээллээр уг цар тахлын бүрэн зураглалыг гаргахад түвэгтэй байгаа ажээ.