Коронавирусний эсрэг Астразенека вакцинтай холбоотой маргаан Европ тивд үргэлжилж, олон улсыг талцуулж эхлээд байна. Одоогийн байдлаар Дани, Норвеги, Исланд, Герман, Франц, Итали, Нидерланд, Австри, Ирланд, Кипр, Испани, Латви, Швед гэсэн 13 улс Астразенека вакциныг дархлаажуулалтад ашиглахыг түдгэлзүүлээд байгаа юм.
Европын Холбооны хамгийн том гурван гишүүн болох Герман, Франц, Итали улс Астразенека вакциныг хэрэглээнд нэвтрүүлэхээс түдгэлзүүлж, EMA буюу (European Medicine Agency) зохицуулах байгууллагын шалгалтын дүгнэлтийг хүлээнэ гэдгээ зарлаад байна. Уг дүгнэлтийг гуравдугаар сарын 18-нд буюу маргааш албан ёсоор зарлах юм.
ДЭМБ-аас бага хэмжээний эрсдэл байгаа ч Астразенека вакцины вирусээс хамгаалах ач холбогдол өндөр тул дархлаажуулалтад үргэлжлүүлэн ашиглахыг уриалж байгаа. Өдгөө Европ тивийн орнуудад коронавирусийн халдвар эрчимжиж, зарим улс хөл хорионы дэглэмээ сэргээж эхлээд байна. Тухайлбал, Герман улсад халдварын тохиолдлын тоо өмнөхөөсөө 20 хувиар өссөн бол Францын Ерөнхий сайд Жан Касте цар тахлын гурав дахь давалгаа эхэлж болзошгүйг анхааруулж, Норвегийн нийслэл Осло хотод хатуу хөл хорио тогтоосон бол Итали, Нидерланд улс хорио цээрийн дэглэмээ чангатгаад байна.