Австрали улс цар тахлын эхэн үеэс хилээ хаан олон улсын аялагч, жуулчдын тус улсад орох гарах хөдөлгөөнийг бүрэн хориглосон билээ. Одоогийн байдлаар хөл хорио, хилээр нэвтрэх хязгаарлалт нь зөвхөн тус улсын иргэд, байнгын оршин суух эрхтэй иргэд, бизнесийн болон суралцах визтэй хүмүүст харьцангуй хөнгөн хандаж буй аж. Өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн авч хэрэгжүүлж буй зочид буудлын хорио цээрийн дэглэм Австрали улс Ковид-19 цар тахлыг хязгаарлахад чухал үүрэг гүйцэтгэсэн гэж олон нийт дүгнэсэн. Тус улсын хилээр нэвтэрч буй хүн бүр зочид буудалд 7 хоног тусгаарлалтанд байх журам гарч, долоо хоногт хамгийн ихдээ 6362-оос ихгүй иргэнийг хилээрээ нэвтрүүлж байгаа юм. Авиа компаниуд бизнесийн болон нэгдүгээр зэрэглэлийн тийзээ борлуулахыг илүүд үзэж байгаа нь шүүмжлэлийн бай болоод байна. Ийм зэрэглэлийн тийзний үнэ нэг талдаа 20000 австрали доллар буюу 16000 амн.доллартай тэнцэж байна. Уг асуудал дээр нэмээд зочид буудалд тусгаарлалтанд байх төлбөр нэмэгдэхээр санхүүгийн дарамт болж буй аж.
Зочид буудалд тусгаарлагдах зардал нь нэг өрөөнд байрлахад хоногт 2330 ам.доллар, үүн дээр хүн тус бүр 775 ам.доллар, хүүхэд бол 390 ам.доллар нэмж төлөх ажээ. Зочид буудлын төлбөрт өдрийн 3 хоолны үнэ багтсан хэдий ч далайн бүтээгдэхүүн бүхий тансаг хоолтой байх эсэх, далайн боомт руу харсан цонхтой цэлгэр өрөөнд орох уу, амт шимт гэх зүйлгүй, цонхгүй давчуу өрөөнд орох эсэхээ шийдэх боломжгүй гэнэ. Учир нь нисэх буудалд буусан иргэдийг аль улсын иргэн байхыг нь үл харгалзан жагсаалтын дагуу зочид буудлуудад хуваарилан оруулж байгаа юм. Аз таарахгүй бол цонхгүй давчуу өрөөнд 7 хоног байрлаж, цэвэр агаараар ч амьсгалах эрхгүй хоригдох аж.
Дэлхий нийтийг цочроож буй аймшигт цар тахлын үед цэвэр агаар ч амьсгалах эрхгүй байдалтай олон хонох нь хүний эрхийг зөрчсөн үйлдэл болж байна гэдгийг зочид буудалд тусгаарлагдаж буй иргэд шүүмжилж байгаа ч өөр гарц одоохондоо алга байгаа ажээ.
Б.Жаргал